Улсын хэмжээнд 2023 оны 5 дугаар сарын байдлаар 1.238.126 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 4 дүгээр сартай харьцуулахад 17.3 хувиар буурсан байна.
Нийт зөрчлийн хэргийн 72.3 хувь нь Нийслэлд, 27.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 95.8 хувийг Цагдаагийн байгууллага, 4.2 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 186.938 хүн, 575 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 18.1 хувиар буурч, хуулийн этгээд 22.3 хувиар өссөн байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78.7 хувь нь эрэгтэй, 21.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.8 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн тавдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг дөрөвдүгээр сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 20.7 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 13.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 4.3 хувиар тус тус өссөн байна.
Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 19.5 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил болон Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил тус бүр 5.1 хувиар буурчээ.