БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын төлөөлөгчид Монгол Улсад иржээ. Улмаар хоёр улсын прокурорын байгууллага хоорондын ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чун, Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, мэргэжилтэн Ли Шинкун, Жан Хонфен нар оролцлоо.
Хамтарсан уулзалтын үеэр хоёр улсын хооронд хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлт, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүнийг болон хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авах ажиллагааны хэрэгжилт, авлига албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцов.
Мөн прокурорын байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулах, БНХАУ-ын эрх бүхий байгууллагад илгээсэн эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.