Дэлхийн тавцанд ноолуурын чанар эдэлгээ, загвараар хэдийн танигдсан “ГОВЬ” шинээр сонгогдсон ерөнхий дизайнер Giorgio Spina-ийн анхны коллекцийг танилцуулахад бэлэн болжээ. Giorgio Spina нь байгаль, юмс үзэгдэл, сүнслэг оршихуй гээд содон бүхнээс урам зориг авч хувцсаа урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогоо шингээдэг байна. Giorgio Spina нь дэлхийн хамгийн үнэт түүхий эд болох ноолууран ширхэгтийн амьд шинжийг илүү тодотгон харуулахыг эрмэлзсэн бөгөөд бүтээлч хандлага, шинэлэг урсгалуудыг шинэ цуглуулгын загваруудад тусгахыг зорьсон хэмээн Giorgio Spina ярилцлагадаа онцолж байсан юм.
Түүнчлэн анхны коллекцийнхоо нээлтийг загварын шоугаар олон нийтэд хүргэх бөгөөд арга хэмжээ болох газраар Чойжин Ламын сүм музейг сонгосон гэх мэдээлэл хэдийн тархжээ. Монгол ноолуурыг Итали ур ухаанаар урлан, уламжлалт түүхэн дурсгалт газарт зохион байгуулах гэж буй нь эхнээсээ л загварт хүлээлт үүсгэж байна. ГОВЬ дэлхийн хэмжээний загварын шоу-г монголдоо зохион байгуулж, runway шоуны цензурийг тогтоох гэж байна уу гэх догдлол, хүлээлт олны дунд бий болж байгаа нь цахим орчин дахь инфлүүсрүүдийн сториноос бэлхнээ харагдана.
Энэ удаагийн коллекцд загварын шинэчлэл хийж олон төрлийн сүлжээс, нэхээсийг хослуулж, өнгө будгийн тоглолтыг нэг бүтээгдэхүүн дээр урласнаараа урьд өмнө байгаагүй шинэлэг шийдлийг бүтээсэн. Итали дизайнераар ахлуулсан ГОВЬ-ийн уран гартай үйлчид, дизайны чадварлаг хамт олны чин сэтгэлээр бүтээгдэхүүн нэг бүрийн деталь урлагдаж байгааг тус компанийн Дизайн, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа онцолсон юм.
ГОВЬ-ийн шинэ коллекцийн нээлтийн арга хэмжээ 2023.06.08-ны өдөр зохион байгуулагдах юм байна. Итали уран сэтгэмжээс төрөн гарсан бүтээлийг ГОВЬ-ийн дизайны чадварлаг баг хамт олон хэрхэн бодит мэдрэмж болгохыг загварын шоуны өдөр харж болох юм.