Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралджээ. Энэ үеэр татан буугдсан “Капитал” банкнаас ЖДҮХС-гийн 3.7 тэрбум төгрөгийн хохирлоо хэрхэн авах талаар ярилцсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг.
Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон. 2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрсөн.
Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм” гэв. “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар болсныг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлсэн байна.