ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчнийг хянах хөтөлбөрийн газрын Халдварт бус өвчний менежмент хариуцсан зохицуулагч Роландо Энрике Доминго болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан УГТЭ-т зочиллоо.
Энэ үеэр тус эмнэлгийнхэн Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд зүрх судасны тусламж үйлчилгээг чадавхжуулах чиглэлээр 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй Зүрхний төсөл, Зүрх судасны телемедицины сүлжээнд МонПений хөгжүүлэлтийн явц болон Америкийн Мянганы сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Тархины харвалт, Зүрхний шигдээс” төслүүдийн хүрсэн үр дүнгийн талаар танилцууллаа. Мөн зочдод нийтийн эрүүл мэндийн чиглэлээр тус эмнэлгээс санаачлан Хаан Банк сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы үйл ажиллагааны үр дүн болон тархины харвалт, зүрхний шигдээсний шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр тус эмнэлгээс хэрэгжүүлэхээр санаачилж буй “Тархи, зүрх судасны өвчлөлийг таслан зогсооё” төслийн талаарх мэдээллүүдийг өгч, цаашид дээрх чиглэлүүдээр Номхон далайн баруун бүсийн төвийн зүгээс хамтран ажиллах олон асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, харилцан санал солилцсоны эцэст тус эмнэлгийн Харвалт, зүрхний шигдээс, эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагааг танилцууллаа. ДЭМБ-ын зохицуулагч Роландо Энрике Доминго Монголын хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин, түүний хүндрэл болох харвалт, зүрхний шигдээсний өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тус эмнэлгийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, халдварт бус өвчнийг бууруулах чиглэлээр дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаатай Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо сайтар уялдаатай байж, хүн бүрд хүрч чадаж байгаа талаар онцлон дурдлаа.