Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж үдээс хойш 14 цагийн үед МАН-ын бүлгээс мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүд бүлгийн хурлаараа гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх саналыг иргэд дэмжихгүй байгаа тухай онцлон хөнджээ. Тэгвэл энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ҮХНӨ-ийн төсөлд тусгагдсан гишүүдийн тоог бууруулна. Мажоритар тогтолцоо арай давамгай байх ёстой гэдэг дээр ерөнхий чиглэл тогтсон. Энэ чиглэлд улс төрийн намуудтай хэлэлцэж, өнөө маргаашдаа асуудлыг шийдэх нь зөв гэж үзэж байгаа. Энэ чиглэлд ажиллаж эхэлж байна” хэмээсэн юм.
Тэгвэл бүлгийн хурлын дараа дээрх агуулгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намын дарга нарыг өрөөндөө дуудан уулзаж гишүүдийн тоог эцсийн байдлаар хэд байхаар тогтох, холимог системээр сонгууль явуулахдаа нэр дэвшүүлэх харьцааг хэрхэн баримтлах агуулга дээр төвлөрч хаалттай байдлаар уулзсан талаар эх сурвалж бидэнд мэдээлж буй юм.
Тодруулбал УИХ-д суудалтай Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоог 120-126 болгож нэмэгдүүлэх, үүний 76 нь тойргоос сонгогдож, үлдсэн нь намын жагсаалтаар нэр дэвших хатуу байр суурийг баримтлаад буй. Харин УИХ-д суудалтай ХҮН намаас гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэх агуулгыг дэмжиж байгаа бөгөөд 70:30 гэсэн харьцаа байх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлээд буй юм. Ямартай ч өнөөдөртөө багтаж гурван нам саналаа нэгтгэж зөвшилцөлд хүрэх ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх санал дээр тогтвол 60:40 гэсэн харьцааг баримталж ирэх оны сонгуулийг явуулах тооцоолол байгаа бол мөн 108 болгож нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр хувилбар эцсийн байдлаар яригдаж эхэлжээ.
Эндээс харвал гишүүдийн тоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд зааснаар 152 болох агуулга өөрчлөгдөхөөс гадна 76:76 гэсэн харьцаа 60:40 байх эсвэл 70:30 байх уу гэдэг дээр өөрчлөгдөх юм байна. Нэмж хэлэхэд тоо хэд ч болж өөрчлөгдсөн бай одоо байгаа 76 тойргийг эвдэхгүй байхаар тохиролцжээ.
Дашрамд сануулахад, өнөөдөртөө багтаан УИХ-ын гишүүдийн тоог эцсийн байдлаар нэгтгэх бөгөөд үдээс хойш 17 цагт хоёр намын бүлэг үргэлжлүүлэн дээрх асуудлаар хуралдахаар болж, маргааш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.