Засгийн газар болон Монголбанк энэ оны тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон. Үүгээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаар Монголбанк мэдээлж байв. Энэ үеэс банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгох ажлыг эрс багасгасан нь иргэдийн дунд олон янзын таамаг хөвөрч байна. Бага хүүтэй орон сууцны зээл олгох явц эрс багасгасан нь иргэдийн дунд ипотекийн зээл цаашид зогсож магадгүй гэсэн яриа гарахад хүргээд байгаа юм.
Харин арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлийг зогсоогоогүй, хэмжээг нь бууруулсан хэмээн мэдэгдэж байна. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байх үед арилжааны банкууд Засгийн газар, Монголбанкны дэмжлэгтэй 3.8 их наяд төгрөгийн эх үүсвэрээр санхүүжиж байсан. Тэгвэл энэ эх үүсвэр одоогоор эх зогсож, санхүүжилт нь тодорхойгүй болсон шалтгаан нь банкуудыг зээлээ багасгахад хүргэжээ.
Яг одоо арилжааны банкууд иргэдэд нэлээн хатуу шалгуурын дагуу зээл олгож байна. Энэ нь МИК-иас гаргасан шалгуур юм. Банкууд бол МИК энэ шалгуурыг иргэд зээлээ төлөх гол хөшүүрэг хэмээн үзэж байгаа бол эсрэгээр иргэд үүнийг “арай л чанга” хэмээн үзэж байгаа.
Ипотекийн зээл олгох явц ийм хэмжээнд ирсэн байхад барилгын салбарт 1 их наяд орчим төгрөг түгжигдэж, салбарынхан царцаасан хөрөнгөө гэсгээх, борлуулалтаа нэмэх гарц хайж байгаа.
“Ирэх 2020 он гэхэд Монгол Улсын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 16 мянгад хүрнэ” гэж Барилга хот байгуулалтын яам болон зах зээлийн шинжээчид тооцсон байдаг. Энэ бол тэдний хоёр жилийн өмнө гаргасан судалгааны дүн. Тухайн үед зөвхөн Улаанбаатарт 189 мянга 240, орон нутагт 16 мянга орчим айл өрх орон сууц худалдан авах бодит хэрэгцээ шаардлагатай. Гэвч тэдний 31.2 хувь нь байр худалдан авах чадвартай байгаа. Харин 2020 он гэхэд орон сууцны хорооллын илүүдэл 16 мянгад хүрнэ гэж шинжээчид мэдээлж байсан юм.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг бага ч гэсэн зохицуулж байсан ипотекийн зээлийн хувь заяа ийнхүү бүүдийж байгаа нь бага хүүтэй орон сууцны зээл авахыг хүссэн иргэд болон барилгын салбарынханд чангахан тусахаар байна.
Д.ХАЛИУН
1 comment
Дундаж давхаргыг дэмжинэ гэх юм. Энэ хэдэн арилжааны банкуудынхаа хїїг бууруулаач ээ хїїнээс нь босч ирч чадахгїй байна шїї дээ . Ядаж удаан хугацааны зээлэнд