Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Төрөлхийн улаануудын хам шинжийн дарамтын үнэлгээний сургалт”-ыг зохион байгуулагдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан сургалтын нээлтийн үеэр онцлоод “Томоохон цар тахлын дараа халдварт өвчнүүд сэргэх, дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэл өндөр болдог. Тиймээс бид болзошгүй халдварын дэгдэлтэд бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар улаанбурхан, гахайн хавдар, улаанууд /УГУ/ зэрэг халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын хувь буурсан. Манай улсын хувьд вакцинжуулалт 0,08 хувиар буурсан үзүүлэлт байгаа.
Монгол Улс нь улаанбурхан өвчний гаралтыг таслан зогсоосон улс орны нэг. Бид өвчлөлийг таслан зогсоосноо дахин баталгаажуулах ажлыг ойрын хугацаанд дахин хийхээр бэлтгэлээ хангаж байна.
ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа юм. Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө улаанууд буюу УГУ-ын вакциныг нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, түүнээсээ болоод төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх тохиолдол бий. Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм” хэмээлээ.