Дорнодын тал нутагт бусдын буруутай үйлдлээс шалтгаалсан удаа дараагийн хээрийн түймрүүд ноцтой хохирол учруулсаар байна.
Иймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзаж байна.
Түймрийн гамшигт өртсөн Чойбалсан, Гурванзагал, Булган сумын айл өрхүүдээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байна. Олон арван өрх гэр, мал хөрөнгө, автомашин, малын хашаа саравч, эд зүйлсээ алджээ.
Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа.
Түймэр түгээмэл гардаг эдгээр сумд болон түймэр гарах эрсдэлтэй нутгийн онцгой байдлын байгууллагыг чадавхжуулах, малчин айл өрхүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төхөөрөмжөөр хангах асуудал нэн шаардлагатай байна.