Дэлхийн олон улсад зохиогддог оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн болдог билээ.

Үүний нэгэн адил цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын “High Tech” сайн дурын клубийн оюутнууд санаачлан 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг” ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран нийслэл хот болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг билээ.

2018 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор зохиогддог “Автомат робот 2023” тэмцээнд  манай TEE Education сургалтын төвийн нийт 6 сурагч 3 багт хуваагдан зураас дагах болон шоо цуглуулах үүрэгтэй тус бүр 3 робот бүтээж, оролцлоо.

“Автомат робот-2023” хаврын тэмцээн дараах 4 төрлөөр зохион байгуулагдсан

  1. Микромауз
  2. Тойрог зам буюу робот рейс
  3.  Шулуун замын уралдаан
  4. Шоо цуглуулах робот

Тойрог Зам буюу Робот Рейс уралдаанд 26 баг өрсөлдсөнөөс TEE Education сургалтын төвийн сурагчдаас бүрдсэн багууд 5, 6, 7 дугаар байрыг, Шулуун замын уралдаанд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 30 баг өрсөлдсөнөөс манай сургалтын төвийн багууд тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, муруй замын саадыг амжилттай давсанаар шилдэг 8-д шалгарсан бол, Шоо цуглуулах тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөнөөс TEE Education сургалтын төвийн Е.Элэмэс багшийн удирдсан, Т.Халиун ахлагчтай “FEARLESS” баг ГУРАВДУГААР байр болон 4 ба 5 дугаар байруудыг тус тус эзэлсэн.

Сүүлийн 2 төрөлд ЕБС болон их дээд сургуулийн сурагчид өрсөлдсөн бөгөөд 8-16 насныхнаас бүрдсэн TEE Education сургалтын төвийн сурагчид анх удаагаа улсын хэмжээний уралдаанд, их дээд сургуулийн оюутнуудтай хамт өрсөлдсөн гэхэд маш сайн, амжилттай оролцсон гэж дүгнэж байна.

Сонирхуулахад, “Автомат робот-2023” хаврын тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн 74 багийн 120 орчим хүүхдүүд ур ухаанаа уралдуулан оролцлоо. Тухайлбал, ЕБС-ийн ангилалд Улаанбаатар хотын 12-р сургууль, Оном сургууль, Шинэ Монгол Технологийн Коллеж, TEE education сургалтын төв, Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС зэрэг нийт 5 сургуулийн давхардсан тоогоор 31 багийн 46 сурагч, харин их дээд сургуулийн ангилалд ШУТИС-ийн салбар Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 43 багийн 78 оюутан оролцсон юм.

Та манай TEE education сургалтын төвийн сургалтуудын тухай мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн