Кэмбрижийн олон улсын хөтөлбөр нь товчхондоо Кэмбрижийн их сургуулиас сурагчдад шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, харилцааны чадварыг тэнцвэртэйгээр олгох зорилгоор боловсруулсан сургалтын хөтөлбөр юм.
Кэмбрижийн олон улсын хөтөлбөр дараах 4 үндсэн хэсэгт хуваагддаг.
Нэг: 5-11 насныханд зориулсан Cambridge Primary
Хоёр: 11-14 насныханд зориулсан Cambridge Lower Secondary
Гурав: 14-16 насныханд зориулсан Cambridge Upper Secondary
Дөрөв: 16-19 зориулсан гүнзгийрүүлсэн буюу олон төрлийн хичээлүүдээс сонголтоо хийн суралцах боломжийг олгодог Cambridge Advanced
Кэмбрижийн хөтөлбөрийн гол давуу тал нь үе болгоны төгсгөлд сурагчдаас шалгалт авч тэнцсэн хүүхдүүд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын гэрчилгээг авдаг ба энэ нь дэлхийн тэргүүлэх их сургуулиудад ороход нь давуу байдал олгодог юм.
Энэ хөтөлбөрийн гэрчилгээг авахын тулд ямар хичээлүүд үзсэн байх ёстойг товч танилцуулъя.
5-11 насныханд зориулсан Cambridge Primary хөтөлбөр 2 шатлалтай ба сурагчид дараах хичээлүүдийг үзсэн байх ёстой.
- Art and Design (0067) Урлаг ба Дизайн Computing (0059)
- Computing (0059) Компьютерыг ажиллуулах ба хэрэглэх
- Digital Literacy (0072) Дижитал Боловсрол.
- English (0058) Англи Хэл
- English as a Second Language (0057) Англи хэл
- Global Perspectives (0838) Дүн шинжилгээ хийх, багаар, хамтран ажиллах, хүнтэй харилцах, үнэлэх, эргэцүүлэн бодох, судлах ур чадварыг хөгжүүлж, төлөвшүүлэх
- Mathematics (0096) Математик
- Music (0068) Дуу хөгжим
- Physical Education (0069) Биеийн тамир
- Science (0097) Шинжлэх Ухаан
Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аливаа сургууль дээрх хичээлүүдийн бүгдийг нь эсвэл заримыг нь сонгон авч хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ, ихэнх сургуулиуд өөрийн улсын боловсролын цөм хөтөлбөрийн хажуугаар Кэмбрижийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлдэг учир зарим нэг хичээлийг улсынхаа хөтөлбөрөөр орлуулах тохиолдол байдаг. Тиймээс, Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль болгон ижил биш юм.
Монгол улсад 170 орчим хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулж буйгаас Кэмбрижийн албан ёсны эрхтэй гэх 25 сургууль байгаа бөгөөд тэдний 22 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.
Гэхдээ, Кэмбрижийн бүх хөтөлбөрийг авсан нэг ч сургууль Монголд байхгүй. Тэд ганцхан Англи хэл эсвэл зарим нэг хичээлүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тиймээс, хэрэв та “Кэмбрижийн бага сургуулийн хөтөлбөртэй” гэх сургуульд хүүхдээ оруулахаар зэхэж байгаа бол сургуулиас нь чухам ямар хичээлүүдийг заах эрхтэй мөн багш нар нь тухайн хичээлийг заах Кембрижийн сертификаттай зэргийг лавлаж асуух хэрэгтэй.
Кэмбрижийн бага ангийн хөтөлбөрийг дүүргэсний дараа Чекпоинт гэх тест авдаг нь манайхаар бол шалгалт юм. Энэ шалгалтыг
- Англи хэл /Эх хэл/
- Англи хэл /Хоёр дагч хэл/
- Математик
- Шинжлэх ухаан
- Кэмбриж Global Perspectives
гэсэн 5 хичээлээр жилд хоёр удаа буюу 5 болон 10-р сард авдаг. Уг шалгалтад тэнцсэнээр сурагч 2 төрлийн баримт бичиг авах ба нэг нь сурагчийн амжилтыг нөгөөх нь Кембрижийн Олон улсын шалгалтын хорооноос ирүүлсэн хүүхдийн одоогийн түвшин ба цаашид хэрхэн хөгжүүлэх тухай тайлан юм.
Амжилтын гэрчилгээ нь албан ёсны боловсролын гэрчилгээ биш. Харин тайлан нь тухайн хүүхдийн одоогийн түвшинг сайтар үнэлсэн байх ба ирээдүйд сурагчид боловсрол олгогч хэрхэн ажиллавал зохих мөн сурагч өөрөө юун дээр анхаарах хэрэгтэй хэлж өгсөн чухал зүйл юм. \
Та Кэмбрижийн хөтөлбөртэй гэх сургуулиас нь энэ шалгалтыг сурагчид нь өгдөг эсэх, дурдсан баримт бичгүүд ирдэг эсэх, чухам ямар тайлан, гэрчилгээ ирдгийг харахыг хүсэх хэрэгтэй.
Бидний хэлж заншсанаар, мэдээллийн технологи өнөө үед хамгийн халуун сэдэв болж байгаа. Учир нь бидний мэддэг бараг бүх зүйл технологийн тусламжтайгаар улам амар хялбар, хүртээмжтэй болж байгаатай холбоотойгоор энэ чиглэлийн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй, түүнийгээ дагаад өндөр орлоготой байна.
Тийм ч учраас, Кэмбрижийн бага ангийн хөтөлбөрт мэдээллийн технологийн Digital Literacy ба Computing гэсэн 2 хичээлийг оруулсан биз. “1 төрлийн 2 хичээл юм биш үү” гэж олон эцэг эхчүүд боддогийг залруулж, энгийнээр тайлбарлахыг хичээе.
Digital Literacy хичээлээр сурагчдад бичих эсвэл дижитал медиа платформ ашиглан мэдээллийг олох, үнэлэх, харилцах чадварыг олгодог. Энэ нь мэдээлэл үүсгэх, үнэлэх, хуваалцахад мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах техникийн болон танин мэдэхүйн чадваруудын нэгдэл юм.
Computing хичээлээр компьютер болон ер нь технологийг ашиглан хэрхэн асуудлыг шийдэхийг заадаг.
Тиймээс, Кэмбрижийн хөтөлбөртэй гэх тодотголтой сургуулиуд дэлхийн стандартын мэдээллийн технологийн хичээл заадаг эсэхийг дараах зөвлөгөөний дагуу заавал судалж байгаад хүүхдээ өгөх эсэхээ шийдээрэй.
Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулийн Мэдээллийн Технологийн хичээлийг яаж заах ёстой вэ?
Дээр дурдсан Digital Literacy, Computing гэсэн 2 хичээлийг дунд ангид гүнзгийрүүлэн заадаг учир заавал үзэх шаардлагатай хичээлд тооцогддог. Гэхдээ, энэ 2 хичээлд өмнө нь дурдсан Checkpoint шалгалт байдаггүй. Digital Literacy хичээлийн агуулга Монголын мэдээлэл зүйн хичээлтэй их төстэй. Хэрхэн гоё презентаци бэлдэх вэ, Хэрхэн онлайн орчинд аюулгүй байх вэ гэх мэт. Харин Computing хичээл нь бидний нэрлэж заншсанаар кодчиллын хичээлтэй их төстэй.
Кэмбрижийн хөтөлбөрийг сургуулиуд өөрсдийн бодлого, стратегидаа тохируулан хэрэгжүүлэх боломжтойгоор загварчлагдсан байдаг.
Тиймээс, хэрэв та хүүхдэдээ дижитал технологийн боловсролыг олгохыг эрхэмлэдэг, таны хүүхэд энэ чиглэлээр сонирхдог бол та сургуулиас нь уг хичээлийг яг ямар хөтөлбөрөөр, ямар багш заадаг болохыг лавшруулан асуугаарай.
Хэрэв сургуульд мэдээлэл зүй, дижитал технологийн боловсрол олгох хичээл байдаггүй бол таны өндөр төлбөр төлөн хүүхдээ сургаж байгаагийн хэрэг тийм ч их биш гэж би хэлнэ. Хүүхэд чинь бас их зүйлийг алдаж, хоцорч байна.
Харин таны хүүхдийн сурдаг сургууль Кэмбрижийн хөтөлбөртэй гэсэн эсвэл бас өндөр төлбөртэй мөртлөө мэдээллийн технологи, дижитал технологийн хичээл ордог, ордог нь хангалттай биш байвал та сургалтын хөтөлбөрт хичээлийг оруулахыг, чанарыг нь сайжруулахыг шаардах бүрэн эрхтэй. Ялангуяа, ирэх хичээлийн жилийн элсэлт яригдаж байгаа энэ цаг үед.
Орчин үед дижитал технологийн боловсролыг компьютер дээр 10 хуруугаар бичих, пауэрпойнт дээр аятайхан презентаци бэлддэг байх төдийхнөөр ойлгодог бол та хүүхдийнхээ ирээдүйн өрсөлдөх чадварт итгэж, найдах хэрэггүй.
100 гаруй жилийн түүхтэй Кэмбриж, Оксфордын хөтөлбөрүүдэд дижитал технологийн боловсролыг хэрэглэгчийн түвшинд биш бүтээгчийн түвшинд эзэмших ёстойг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд Кэмбрижийн хөтөлбөр бага ангийн хичээлд Computing хичээлийг 2014 оноос оруулсан байдаг.
Computing хичээл нь тус бүр ялгаатай зорилготой 5 хэсэгтэй.
- Computational thinking
Энэ хичээл нь урлагийн сэтгэлгээ, техник сэтгэлгээ, системтэй сэтгэлгээ гэдэгтэй ижил хүний бодох аргачлалын нэг хэсэг бөгөөд орчин үед асуудлыг компьютер, гар утас, робот, автоматикийн хэрэгслүүд гэх мэт дижитал төхөөрөмжийг ашиглан шийдвэрлэх ур чадвар юм. Энэ чадварт олон зүйл багтах ба хамгийн чухлуудаас нь дор жагсаав.
- Өгөгдөл цуглуулах
- Абстрактчилах
- Моделчлох
- Алгоритмчилах
2. Programming /Программ бичих/
3. Managing data /Өгөгдөлтэй ажиллах/
4. Networks and Digital Communication /Компьютерын сүлжээ ба дижитал холбоо/
5. Computer Systems /Компьютерын систем/
Харин Digital Literacy хичээл нь дараах 3 ур чадварыг хүүхдэд заадаг.
- Tools and content creation буюу дижитал хэрэгслүүд болон тэдгээрийг ашиглан контент бүтээх. Жишээ нь, Paint программ ашиглаж зураг зурах, пауэрпойнт ашиглан презентаци бэлдэх гэх мэт
- Safety and wellbeing буюу цахим орчны аюулгүй байдал, хэрэглээ
- The digital world буюу дижитал технологийн үе
Дүгнэлт:
- Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль бүрд Кэмбрижийн хөтөлбөр бүтнээрээ байдаггүй
- Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль бүр адилхан биш
- Кэмбрижийн их сургуулийн үзэж байгаагаар мэдээллийн технологийн боловсролыг хүүхдэд 5 наснаас эхэлж олгох ёстой.
Манай ТЕЕ Education сургалтын төв Австралийн дижитал технологийн боловсролын стандарт, Харвардын Creative Computation хөтөлбөрт суурилж боловсруулсан 3-р ангиас 12-р ангийн сургалтын хөтөлбөрийн дагуу бүх хичээлүүдээ заадаг. Тийм учраас бид өөрсдийгөө Монголын Хамгийн Шилдэг Дижитал Технологийн Боловсрол Олгогч хэмээн бардам хэлж чаддаг юм. Та энд дарж манай сургалтуудтай танилцаарай.