Бид бусад бүх хүнд сайхан хандах атлаа, зөвхөн ээждээ тунирхан, албатай мэт л харьцдаг. Бид ээжийгээ байнга зааж байдаг гэж шүүмжлэх атлаа, өнөөдрийн таныг бүтээхэд ямар их хувь нэмэр оруулсныг нь мартдаг. Би тэгдэг шүү гэж мэдсээр байж л өөрсдийгөө өөрчилж чадахгүй л явсаар байгаа. Тийм биш байх юм сан гээд өөрийнхөө зарим нэг дурсамжаас бичиж үлдээлээ…
Хүрэх зорилготой, мөрөөдөлтэй бай
Ээж минь нэг өдөр хажууд ирээд аавын хуучин номуудаас надад өглөө.
“Миний хүү аав нь шөнө, өдөргүй ном уншдаг хүн байсан юм шүү. Аав чинь бас физик судлаад, өөрөө бяцхан онгоц зохион бүтээдэг, инженер хүн байсан юм шүү. Түүгээр нь та хэд нисгэж тоглодог байлаа. Аав нь мөн морин хуур сийлбэрлэн урлаж, зохиол өгүүллэг бичин үлдээдэг, тийм нэгэн бүтээлч хүн байсан юм шүү. Болоогүй миний хүү, гитар бариад найранд дуулдаг, найзтай олонтойгоо хамт байдаг хүн байсан юм шүү. Гэхдээ хамгийн чухал нь аав чинь мөрөөдөлтэй байж, ачаа зөөгчөөс нисгэгч болж, тэнгэрт ниссэн агуу мөрөөдөгч хүн байсан юм шүү. Тэгэхээр миний хүү наад тоглоомоо боль. Өдөр шөнөгүй наад компьютероо л ухаж суух юм. Ном унш, мэдлэгээ тэл. Аав шигээ уншдаг бол. Миний хүү гарч хүнтэй танилц. Өглөө болгон шинэ гуталтай бай, хот болгонд найзтай бай гэдэг. Олонтойгоо бай. Найз нөхөдтэй бай. Чи ганцаараа хэн ч биш. Тэгээд эцэст нь хүрэх зорилготой, мөрөөдөлтэй бай. Түүнийхээ араас яв. Май миний хүү энэ номуудыг нэг уншаадах.”
Ингэж хэлээд хуучны баахан ном өгсөн. Тэр дундаас би “Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал” номыг нь сонгон авч уншиж билээ. Тэгж явсаар нэг мэдэхэд би ном уншдаг болж хувирсан байлаа. Өдөрт их биш, гэхдээ багадаа 30 минут уншдаг болсон юм. Номоос гадаадад сурах мөрөөдөлтэй боллоо. Номоос агуу зүйлс хийх хүсэл тэмүүлэлтэй боллоо. Унших тусам амьдралыг бас, хүнийг ойлгож байх шиг санагдсан. Гэтэл энэ ном унших дадал нь мэдлэг хуримтлуулах хамгийн чухал арга байсан аж. Цаашлаад энэ нь амьдрал өөрчлөх эхлэл байсан.
Нэгэн цагт Бенжамин Франклин “Мэдлэг гэдэг хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт” гэж хэлсэн байдаг. Гэтэл тэр нь өдөр бүр нэмэгдээд байвал, түүний өгөөж, тэрхүү өгөөжийн өгөөжийг тооцвол хязгааргүй их боломж, өөрчлөлт аж. Мэдлэг хуримтлуулах нь өгөөжийг өгнө. Тэрхүү өгөөжөөс өгөөж бий болохыг тооцвол тэндээс жинхэнэ өөрчлөлт гарна. Энэ бол нэг төрлийн “Хуримтлалын Хүч”. Хуримтлал дундаа өдөр бүр бий болох мэдлэгээс үүсэж буй хуримтлалын хүч. Ингэж л анх удаа хуримтлалын хүчийг мэдэрч билээ.
Хот болгонд найзтай бай…
2021 оны хавар Бид Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын санг босгохоор ажиллаж байлаа. Тухайн үед бидэнтэй нэгдэхээр 21 мянган хүн бүртгүүлж, Монголын хөрөнгийн зах зээлд урд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтын хүсэлт ирсэн юм. Нэгэнт ийм их хүн ирсэн болохоор бид сангийн уриаг Дэлхийн анхны хөрөнгө оруулалтын сангийн нэрээр “Олны Хүч Оломгүй Далай” хэмээн тогтлоо.
Энэ үйл явдал болох үед карантин болж, бид нүүр нүүрээ хараад уулзах боломжгүй, зөвхөн компьютерын араас л уулзацгаана. Бүгд нэгэн зэрэг Олны Хүч Оломгүй Далай гээд чатаар бичнэ. Сайхан эхлэл. Яван явсаар бид бүгд нүүр нүүрээ харан өнгөрсөн хавар л уулзлаа. Хөрөнгө оруулагчид маань хоёр Ганзоригтой зургаа авхуулна гээд оочирлон зогсож билээ. Тэндээс хүндлэл, хайр мэдрэгдэнэ. Аз жаргалтай гэр бүлийг тогтоон барих хоёр зүйл бол хүндлэл бас хайр байх. Тийм болохоор гоё байсан. Гэр бүл гэдгээ мэдрээд гоё байсан. Хүний амьдралд гайхамшигтай мөч олон тохиохгүй гэж би хувьдаа итгэдэг. Бас амьдрал гэдэг хүрэх цэг биш, явах зам гэж ойлгож явдаг. Тийм болохоор энэ мөчийг хэзээ ч мартахааргүй толгойдоо бичин үлдээсэн билээ. Үнэхээр гоё байсан. Бүгд хамтдаа “Олны Хүч Оломгүй Далай” гэж орилж байлаа. Чатаар бичдэг байсан шиг бүгд нэгэн зэрэг орилоход биед хүч орох шиг л болсон.
Хэдий бидний хүлээж байсан банкны IPO хойшилсон ч сан маань ашиг өгөөжтэй ажиллаж, хөрөнгө оруулагчид маань нэг бүл гэдгээ удаа дараа баталж байгааг харах сайхан.
Эндээс юу хэлэх гээд байна гэхээр нөгөө л ээжийн минь үг. Миний хүү олонтойгоо байгаарай. Хот болгонд найзтай байгаарай, өглөө бүр шинэ гуталтай байгаарай гэх ээжийн минь сургаал. Хүүхэд байхад надад ойлгомжгүй байсан. Одоо бол би ойлгодог. Хүн гэдэг амьтан хүнтэй байхдаа л жаргалтай. Хүн гэдэг хүнтэй байхдаа хүчтэй юм байна. Нэг хүн нэг хадаас хаддаг бол хоёр хүн гурван хадаас хаддаг гэдэг дээ. Тэр үнэн. Нэгдэн нийлэх мөчид бүтээмж өсдөг, боломж нээгддэг аж. Үүний баталгааг манай хөрөнгө оруулалтын сан юм болов уу гэж би бодож явдаг. Монголын хөрөнгийн зах зээл дээр манай сан шиг том, манай сан шиг ил тод, манай сан шиг тогтвортой тийм гэр бүл байхгүй байгаад би хувьдаа сэтгэл хангалуун.
Ирээдүйгээ бод. Өөртөө хэдэн төгрөг хуримтлуул. Амьдралд юу ч тохиолдож болно. Эрсдэлээ тооц!
Намайг оюутан байхад оюутны тэтгэмж гээд өгдөг байж. Одоо тэр байдаг юм уу би мэдэхгүй. Тэр миний голч муугүй гээд овоо л гайгүй мөнгө өгдөг байсан. Дээр нь би бас оюутан байхдаа ажил хийж багахан цалин авдаг байсан. Ингээд сар бүр хөөрхөн мөнгөтэй болдог болсон юм. Анх удаа л өөртөө гайгүй мөнгөтэй болсон би хоолны газар их орно. Элдэв зардал бодож олоод л мөнгө үрээд байна. Үгүй ер нь мөнгө үрэх амархан шүү дээ. Үүнийг харсан ээж маань намайг дагуулж банк орсон юм.
“Чи Англид явж сурна гэж ярьдаг. Манай гэр бүлд гадаад сургуулиас зэрэг авч байсан хүн байхгүй. Мөрөөдөлтэй байна миний хүү. Сайн байна. Гэхдээ ганцхан мөрөөдөл хангалтгүй. Том юм зорих сайхан. Гэхдээ түүнийхээ араас явах бүр сайхан. Ээж нь чиний мэргэжлийг мэдэхгүй. Санхүүч гэж хэн болохыг сайн мэдэхгүй. Бодвол их олон талын мэдлэгтэй, олон улсад явж үзсэн тийм хүмүүс ажилладаг байлгүй. Ээж нь үнэндээ нэг банкны салбарт орж үзэхэд гоё гоё зангиатай, гоё залуучууд явж байсан юм. Тэгээд миний хүү бас ийм болоосой гээд чамайг санхүүгээр сур гэж ятгасан хэрэг. Тэгэхээр ийм байна. Чиний мөрөөдлийг биелүүлэхэд хэн ч чамд туслахгүй. Чи л өөрөө, өөртөө тусална. Тийм болохоор одоогоос наад мөнгөөрөө хуримтлал хий. Чи олсон мөнгөө хий, би бас чамд нэмэрлээд байя. Хоёулаа хоёр талаасаа нийлж энэ хуримтлалыг том болгоё. Тэгээд чамайг Англи явахад дэм болог. Цаашлаад чамайг мундаг санхүүч болоход тус болог. Ээж нь өнөөдөр чамд ингэж тус болж чадахаар байна.
Ээж нь хуримтлал хийж мэддэггүй байсан. Залуу байхдаа найзаасаа сурсан юм. Ирээдүйгээ илүү гоё болгохын тулд, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүн хуримтлал хийх ёстой гэдгийг найзаасаа ойлгосон. Үгүй бас эрсдэл тохиож, юу ч болоо билээ дээ. Хэдэн цаас цаашаа хийсэн байхад буруудна гэж байхгүй. Би байхгүй болсон ч та хэдэд минь үлдэх болохоор хуримтлалд сөрөг тал гэж үгүй. Тийм болохоор ээж нь хэдэн төгрөг үргэлж хуримтлуулж байдаг.
Чи арай л үрэлгэн байна. Хэмнэж сур. Хуримтлуулж сур. Одоо үрээд маргааш хуримтлуулна гэж байдаггүй юм. Өнөөдөр хуримтлуулаад маргааш үрдэг юм. Үүнийг хатуу ойлго”
Ийм зүйлс яриад надад хуримтлал нээж өгсөн юм. Бид хоёр ч тасралтгүй хуримтлуулсан. Хүү авна, хүүг нь бас буцаагаад нэмээд л байна. Оюутан нас дууслаа. Ажил хийлээ. Бид хоёр хуримтлуулсаар л байсан. Эцэстээ мөнгө хангалттай том болох үед би ажилд арай ойр байр авдаг юм уу гэж бодож ч байлаа, гэсэн ч анх эхэлсэн зорилгоо санаж, түүгээрээ Англид сурах үеийнхээ байрны төлбөрийг хийж билээ. Жинхэнэ “Хуримтлалын Хүч”. Энэ бол яахын аргагүй хуримтлалын хүчний гайхамшиг. Ээжийн минь найз хуримтлалыг ээжид зааж өгөөгүй бол, тэрийг надад хэлж ойлгуулаагүй бол, тэр үед би хуримтлуулах мөнгөөрөө хоол аваад идсээр байсан бол би гэдэг хаана байх вэ гэдгийг төсөөлөх ч хэцүү
Үгүй үгүй. Би биш…
Саяхан би ээжтэйгээ нэг уулзлаа. Удаан уулзаагүй байж байгаад уулзсан. Дээр бичсэн зүйлсээ ч ярьж өглөө. Тэгэхдээ та намайг хүн болгосон шүү гээд тэвэрсэн юм.
“Ээжээ та намайг хүн болгосон шүү. Би мэдэж байгаа. Би таны сургаалуудыг сонсоогүй мэт, ойлгоогүй мэт байдаг ч хэр чадлаараа хичээж явдаг. Намайг та бага байхад том толгойтой гэж боддог байсан байх. Юм ойлгодог болов уу даа гэж бодсон байх. Хүү нь ойлгож, сонсдог байсан юм шүү. Хүмүүсийн сайн гэж магтах шинж чанараа харахаар таны л надад зааж сургасан, өөрийнхөө амьдралаар үлгэрлэн харуулсан зүйлс байдаг. Та намайг бүтээсэн шүү”
Ичимхий нь дэндсэн манай ээж буцаагаад намайг загнана.
“Чи дээр би аавгүй өссөн гээд яриад байна лээ шүү. Чамайг сургуульд оруулж чадаагүй ч аав чинь чамайг нялх байхад авдаг байсан, чамайг хүүхэд байхад тоглодог байсан. Чи аавын хайрыг мэдэхгүй биш мэднэ. Чи аавыгаа харж хүмүүжсэн. Би биш аав чинь чамайг хүн болгосон. Бас болоогүй би завгүй, ажилтай байсан. Чиний дэргэд эгч чинь байсан. Том эгчээ гээд багадаа гүйдэг байснаа мэдэхгүй юу чи. Би биш эгч чинь чамайг хүн болгосон…”
Биш гээд бусдыг нэрлэсэн ч ээж минь намайг ингэж хэлэхэд баярласан байх. Та ч гэсэн ээждээ та намайг бүтээсэн юм шүү гэдгийг нь хэлж өгөөрэй. Хөөрхий минь баярлах байх…
Хуримтлалын хүчийг Мандалаас мэдэр
Апп татах линк:
AppStore: https://apple.co/3x2a3uZ
PlayStore: https://bit.ly/3wYlYK4
Эдийн засагч, шинжээч Г. Ганзориг