Арын хаалга үргэлж амар байсан. Шалгалт даваагүй сурах, эмнэлэгт оочирлохгүй үзүүлэх, ажилд тэнцэхгүй орохоос эхлээд арын тэрхүү хаалгыг татчих юм бол амар. Яагаад гэвэл урд хаалгаар л орчихоор хүнд суртал, хүнийг бодохгүй системээр биднийг туйлдуулдаг.
Монгол бол авлигаараа дэлхийн 176 орноос байнга 100-с хойш байранд бичигддэг. Арын хаалганы диваажин болсон газар нутаг л даа. Арав алхаа үгүй юу, арын хаалга угтана. Үйлдвэрлэл үгүй, бүтээмж сул, цалин бага учир илүүдэл орлого хайхаас аргагүй. Багш нь ганц суудал ахиулахад мөнгө, эмч нь жор бичихэд мөнгө, төрийнхөн нь албан бичиг гаргахдаа мөнгө, албан тушаалтнууд нь гааль, газар, лицензээс эхлээд гарын үсэг зурж болох юу байна бүгдийг нь үнэд хүргэсэн. Гүйх нохойд баах нохой саад болно гэгчээр жаахан хийж байгаа нөхдийгөө хазна, чангаана, зулгаана. Хүссэнийг нь өгөхгүй гэвэл гацаана. Олж байгаа орлого, эдэлж байгаа зүйл нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Тэгсэн атлаа АРЫН ХААЛГА байхгүй мэт худал жүжинэ.
Ер нь Монголд хүүхэд төрөхөд хамгийн ээлгүй газар. Нэг бол тэр хүүхэд арын хаалгаар орж, насаараа боломж хулгайлна. Аль эсвэл урд хаалга хүлээж, төрийн төмөр нүүрийг үзэж, насаараа боломжоо хулгайлуулна.
ТӨРӨХӨӨС ҮХЭХ ХҮРТЭЛ арын хаалгаар явахад …
- Артай бол шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт 7 хоноход хөөгдөхгүй. Харин аргүй бол 2-3 хоноод гараад явна. Хэдийгээр улсын эмнэлэг ч гэлээ өгөх ёстойг нь өгчихвөл үйлчилгээ сайтай аж.
- Арын хаалгатай бол цэцэрлэгийн насан дээрээ АЗ -аа үзэхгүй. Мэдлэгтэй, чадвартай ирээдүйн монгол иргэн болох боломжоо олж авахын тулд АЗ-аа үзнэ гэдэг үнэхээр эмгэнэл. Сугалаанд хожоогүйн төлөө шийтгэгдэж, өдөржин гэртээ телевиз үзэж суух уу? Гэтэл энэ улсынх нь Ерөнхий сайд хүүхэд насныхаа мөрөөдөл биелүүлж, Бэрх тосгоноо Бэрх хот болгов. Тэгээд зогсохгүй 2,377 хүнтэй Бэрх хотдоо 640 хүүхдийн суудал бүхий сургууль барив. Хөөрхий ойр орчмынхон аймгийн хүүхдүүд тэр сургуульд сурах гэж гүйлдэж байгаа сурагтай. Арга бараад Боловсролын яам нь хувийн байгууллагуудыг хажуудаа цэцэрлэг бариад өгөөч гээд гуйгаад явж байна.
- Арын хаалгатай бол бага, дунд сургуульд ороход бол харьяа дүүрэг хамаагүй. Улсын тэргүүний сургуульд ороход саад тотгор гэж үгүй. Шалгалт өгөөд тэнцвэл орчихно, тэнцэхгүй байсан ч орчихно. Чадварлаг багштай, сургалтын орчин сайтай, 50 хүүхэдтэй нэг ангид ээлжилж амьсгалахгүй. Ёстой л усан тэнэг биш бол онц сурахаас өөр яах билээ. Шат шатандаа л энэ арын хаалга гэгч бий. Үр хүүхдэдээ мууг хүсдэг эцэг, эх гэж үгүй. 50 хүүхэдтэй ангид урд нь суулгах гэж эцэг эхчүүд мөнгө төлж байна. Бидэнд ийм арын хаалганы, ялзарсан боловсролын систем хэрэггүй. Энэ системээр тээрэмдүүлсэн олон дутагдлын шоктой этгээдүүд эхнээсээ төрд гараад самарч байна.
- Арын хаалгатай бол дотоодын их сургуульд сурах шаардлагагүй. Тэд жилийн 200 мянган ам.долларын үнэтэй сургуульд төрийн мөнгөөр сургалтын зээл, тэтгэлэг аваад явж өгдөг. Бүр ичмээр нь зээлээ ч эргүүлж төлдөггүй. Угтаа бол түүний сургалтын төлбөрөөр Харвардын их сургуулийн хэд байдаг юм багшийг Монголд урих боломж байсан. Үндсэндээ нэг хүүхэд улсын мөнгөөр, арын хаалгаар очиж тэнд сурснаас тэр төлбөрөөр 1000 хүүхэд дэлхийн хэмжээний мэдлэг олж авах боломж бий.
- Арын хаалгатай бол ажилд орох амар. Монголд байдаг бараг ихэнх эцэг, эхчүүд үүнд дассан. Хүүхдийнхээ чадварт итгэж, хүсэл эрмэлзлийг сонсохоос илүүтэй хол ойрын гайгүй яваа хамаатан садандаа ажил захидаг. Ихэвчлэн хувийн компанид бол энэ мэтийн бөглөөс хэрэггүй. Тийм учраас төрийн байгууллага руу боломжоор нь чихнэ. Эргээд төрийн байгууллагын чадавх, чадамж, бүтээмж муудаад байгаа нь эдгээр бугласан эдээ бээртэй нь холбоотой.
- За энэ дээд талын нөхөр чинь явсаар арын хаалгаддаг эцэг, эх болно. Мэдээж өөрийн дайрсан амьдралаа хүүхдэдээ дайруулахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс тухайн системийг өөрчилнө гэхээс илүү ямар ч аргаар хамаагүй хүүхдэдээ боломж олгохыг хүсдэг. Түүнд бусдын хүүхдийн боломжийг хулгайлж байна уу? Үгүй байна уу? Ердөө ч хамаа байхгүй.
Арын хаалга үргэлж амар байсан.
Гэхдээ арын хаалга гэдэг бол бусдын боломж хулгайлдаг, авлига цэцэглүүлдэг, далд эдийн засаг бүтээдэг, нэг л татвал дуусашгүй хямрал руу хөтөлдөг аймшигтай хаалга юм.
Эдийн засагч, шинжээч Г. Батзориг