С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг Нийслэлийн прокурорын газраас дахин шалгаж, энэ сарын 19-ны өдөр буюу өчигдөр хэрэгсэхгүй хэмээн шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан тэднийг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдан шүүхээс ял сонсож байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц дараах мэдэгдлийг хийлээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц: С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг намайг ТЕГ-ын даргаар томилогдохоос өмнө шалгагдаж байсан. Хэрэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хяналт тавин ажиллаж байсан. Намайг ажлаа авсны дараа тэднийг эрүүдэн шүүсэн гэж ярьдаг. Гэтэл би энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа тавьж байсан ч гаргаж өгөөгүй. Уг нь нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гэнэт гарч ирснээр энэ бол улс төрийн хэрэг байсан гэдгийг тодорхой болголоо. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Гэнэт ардчилал, хүний эрх яриад гарч ирдэг. Гэтэл үнэндээ түүний үед ямар олон хүн эрүү шүүлтэд орж байлаа. Эрүү шүүлт хийх гээд гадаадаас сандал оруулж ирж байсан хүн шүү дээ.