Эргүүлээд та нийгэмдээ юу өгч чадах вэ?
Үнэхээр эмгэнэлтэй ч юм шиг зүйл байх юм.
Тэр юу вэ гэхээр бараг бүгд л энэ улсаас холдохыг бодож байна. Зарим нь боломжтой, зарим нь боломжгүй. Гэхдээ боломж нь гарвал явахад бэлэн. Ойлгож байна л даа. Та ч гэсэн сайхан амьдармаар л байгаа. Ойлгож байна. Та ч гэсэн жаргаж инээмээр л байгаа. Харин Монголд амьдрал тийм ч сайхан биш л байна.
Монголд ядуурал аль хэдийнээ 28 хувьд хүрчээ. Англи улстай харьцуулахад манай тэтгэвэр 11 дахин бага, цалин 9 дахин бага байгаа.
Монголд амьдарч буй сая сая хүний амьдралыг ердөө зэс, нүүрс гэх хоёрхон амьгүй зүйл л шийдэж, түүнийг нь дагасан их хэмжээний асуудал явж байгаа. Тэр ч бүү хэл авилга, ашиг сонирхлын зөрчил зэрэг нь манайд норм болжээ. Заримдаа бүр энэ улсад боловсрол гэдэг зүйл үнэгүйдэж, шинжлэх ухаан хэнд ч хэрэггүй болсон мэт санагдах юм.
Үгүй гэхдээ тэглээ гээд яадаг юм? Тэглээ гээд бид улсаа орхин явах нь зөв үү? Бид явлаа гээд бусад нь яана гэж? Явж чадахгүй хүмүүсийн хохь болох гэж үү? Хамтдаа нэг шаварт байж байгаад ганцаараа, гартаа булчинтай болохоороо гараад явна гэж үү? Ард тань 3.3 сая хүн үлдэнэ шүү дээ? Таны төрөл төрөгсөд ч байгаа. Та хэрэв булчинтай юм бол бүгдийг нь гаргаж болохгүй гэж үү?
“Монгол Улс угаасаа бүтэхгүй байна. Ийм газраас явах минь” гэж хэлэхдээ өөрөө Монгол Улсын иргэн биш юм шиг ярих юм. Та ч, би ч монгол шүү дээ. Өнөөдрийн манай эдийн засаг ийм сул хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ багатай байгаа нь та бидний л буруу биш гэж үү? Хоёулаа үүний өмнө хариуцлага хүлээхгүй юу?
Та бид хариуцлага хүлээх ёстой. Та бид хамтдаа маш олон өөрчлөлтийг хийж, энэ улсыг дахин нэг шат ахиулах хэрэгтэй. Та санал нийлж байна уу?
Хамгийн гол нь залуучууд
Залуучуудаа битгий зугтаа л даа. Тэгэх үү? Аанха, ойлгож байгаа. Та удахгүй гадагшаа сургуульд эсвэл ажиллахаар явах гэж байгаа. Тийм болохоор энд түр л ажиллаж байгаа.
Гэхдээ та биднийг өдий зэрэгт хүргэх гэж өмнөх үе маань зөндөө л хөдөлмөрлөсөн байх. Зөв бурууг шүүж мэдэхгүй юм. Зөндөө л алдаа байсан байх. Ямартай ч энэ хүртэл явчихсан юм чинь одоо хэдүүлээ дэлбэртэл нь хөдөлмөрлөөд, өөрчлөөд, сайжруулаад явъя л даа тэгэх үү?
Ойлгож байна л даа, та бол ямар нэгэн үсгээр илэрхийлэгдсэн үеийн, гайхамшигтай хувь хүн, интернэтээс Голливудын одод юу идэж буйг харж чаддаг болсон гайхамшигтай үеийнхэн. Гэхдээ яг тань шиг гэртээ суугаад үүнийг үзэх байсан 3 хүн тутмын нэг нь тэнд амьдрал үзэн өлсөж байгааг ойлгож байгаа юу? Эсвэл дэлхийн дулааралд санаа зовоод хажуугийн гудамны хүн нүдэнд тань үзэгдэхгүй байна уу? Хэдүүлээ одоо нэгнээ элдвээр сэдэлжүүлж, юу идэж буйгаа хуваалцахаа багасгаад бодитой зүйлс дээр хамтдаа дуугарч, боломжоороо тусалбал ямар вэ?
Улсдаа гомдоод байлгүй, зүгээр л сайжруулаад явчихъя. Танаас л хамаараад буй шүү дээ. Өөрийгөө битгий голоорой. Та угаасаа чадна. Чадах ч ёстой юм. Өөр хүн алга байна шүү дээ. Үнэхээр энэ улс чинь залуусаар, залуусын оролцоогоор, залуусын дуу хоолойгоор, залуусын хөдөлмөрөөр дутаад байна шүү.
Өнөөдрөө өөрчилье
Залуу хүн танаас шууд өөрт тань хамааралгүй зүйл хүсэхээ больё. Өөрийгөө өөрчлөөч гэж хүсье. Үүнд тань зориулж өөрийн бодож явдаг зүйлсээс хуваалцъя.
- Зорилго: Хүнд ч тэр, Компанид ч тэр Vision буюу Алсын хараа байдаг. Энэ нь таныг амьд байлгаж буй, өдөр бүр хөдөлгөж буй тэрхүү зүйл юм. Өөрөөр энэ нь мөрөөдөл юм л даа. Сайн сайхан ирээдүйн тухай цухас харагдах тэрхүү төсөөлөл юм. Тэр л зүйлийн төлөө хүн амьд явж, хэцүүг туулж, тэр л зүйлийн төлөө компани оршин байдаг. Үүнийг хялбараар харах чиг, явах зам гэж ойлгох нь зөв. Та хэрэв зорилгоо төсөөлж, сэтгэл дотроо биежүүлж чадвал та нэгэн зэрэг хоёр амьдралаар амьдарч эхлэх болно. Тэр нь яг өнөөдөр буй нөхцөл байдал ба нөгөөх нь таны ирээдүйн тухай төсөөлөл тань юм. Түүнчлэн энэ хоёр тань хоорондоо таталцаад эхлэх болно. Үйлдэл бүхэн чинь энэ хоёр амьдралыг нэг болгоход чиглээд эхлэх болно. Ингэж л хүний амьдрал хэлбэрждэг гэж боддог. Тэгэхээр та өөрийнхөө ямар ирээдүй рүү тэмүүлээсэй, ямар зүйлтэй таталцаасай гэж хүсэж байна, түүнийгээ л төсөөлж, өөрийнхөө алсын хараа болгоорой.
- Зарчим ба үнэт зүйл: Нэгэнт замаа олсон хүнд зарчим гэдэг чухал. Энэ нь хялбараар таны амьдралын дүрэм юм. Та энэхүү дүрмээ өөрөө яаж ч зохиож болно. Гэхдээ нэгэнт зохиосон бол түүнийгээ ягштал дагах ёстой. Та хүнд худлаа хэлдэггүй зарчимтай болно. Эсвэл зөвхөн шударга байдлыг эрхэмлэдэг нэгэн байж болно. Үүнийг л зарчим гээд буй хэрэг. Эдгээр зарчмаа та бүр бичиж байгаад мөрдөөрэй. Үүнээс гадна үнэт зүйлс гэж байна. Энэ нь ямар нэгэн бичигдсэн дүрэм биш харин сэтгэлд чинь мэдрэгдэж буй тэдгээр дүрэм юм. Та юуг хайрладаг, юуг үнэлдэг тэрийгээ л олж хараад, тэдгээр тань амьдралд хэрхэн нөлөөлж буйг ойлгох хэрэгтэй юм.
- Мэдлэг бол хүч: Яагаад ч юм боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг үгүй хийжээ. Магадгүй энэ нь манай боловсролын чанар муу болохоор тэр чигт нь харлуулсан байх. Эсвэл энэ нь ямар нэгэн улс төрийн зорилго агуулж байсан байх. Гэхдээ тэр чухал биш. Би хувьдаа боловсрол гэж зүйл байсан болохоор бид өнөөдөр атомыг хувааж, саран дээр хөл тавьж, хүний генийн кодыг тайлж чадсан. Зөвхөн боловсрол, мэдлэгийн хүчээр бид дунджаар 20 биш 70 насалдаг болсон. Та ч бас үүнээс бүү хойш суугаарай. Олон ном уншаарай. Дэлхийн түүхэнд 5-н удаа энх тайван тогтсон байдаг. Сүүлийн хоёр нь Англи хэлтэй улсын засаглал байсан бөгөөд нэг нь одоо ч үргэлжилж байна. Арга ч үгүй биз. Таныг дэлхийн хүн болохоос хойш татаад буй цорын ганц зүйл Англи хэл шүү. Уучлаарай. Танд муухай санагдаж байгаа байх. Гэхдээ л үнэн юм чинь яах вэ дээ. Англи хэл заавал сураарай, тэгээд түүгээрээ дамжуулан зөндөө их мэдлэг олж аваарай.
- Хөдөлмөр: Ажил, ажил, ажил. Үнэндээ Монголд ажил хаа сайгүй. Бид зүгээр л ажил голоод байна эсвэл өөрсдийгөө голоод байна. Би Англид сурдаг байв. Тэнд хөдөлмөрийн зах зээл ямар аймаар өрсөлдөөнтэй байдгийг мэднэ. Тэр тусмаа Лондон хот. Над шиг санхүүгийн салбарын хүн бүрийн хамгийн түрүүнд Нью-Йорк эсвэл Лондонгийн санхүүгийн зах зээлд ажиллахыг хүснэ. Бүх Европ даяар зөвхөн Лондонд л ажиллах гэж өрсөлдөнө. Тэр нь нэг нээлттэй ажлын байранд хэдэн зуу, мянгаараа өрсөлддөг гэсэн үг. Харин манайд бол хамгийн ихдээ 10. Дундаж нь 5 байх. Тэр хэмжээгээр танд боломж их байна. Жилдээ манай улс 8.5 их наяд төгрөгийн цалин олгодог. Үүний задаргааг харвал нийт иргэдийн 2.7 хувь нь 3.5 саяас дээш цалин авч байхад, 67 хувь нь 1 саяас бага цалин авч байна. 3.5 сая гэдэг бага тоо биш шүү. Тэгээд ч энэхүү цалин таны бүтээмжээс шалтгаалан улам бүр нэмэгдэж болно. Та бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар миний өмнөх нийтлэлээс хараарай. Тэгэхээр ийм нээлттэй хөдөлмөрийн зах зээлд орж хүчээ сориод байгаарай, бууж өгч болохгүй. Шударга бус зүйлс зөндөө бий. Гэхдээ бууж өгч болохгүй. Яваад л байгаарай. /Танд энэхүү нийтлэл хэрэг болж мэднэ/
- Нийгмийн хариуцлага: Хүн бүр урдах ажлаа сайн хийгээд явах зөв л дөө. Гоё. Компани бүр бизнесээ тултал хийвэл бас гоё. Гэхдээ байгууллага ч тэр, хувь хүн ч тэр нийгмийн хариуцлага гэж зүйл байх ёстой. Түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь товчоор өгч сурах тухай юм. Хариу нэхэлгүй өөрт байгаа бага ч хамаагүй зүйлсээ бусадтай, нийгэмтэйгээ хуваалцах тухай юм. Төдийлөн их юмгүй хүн, өөрт буй багахан зүйлээ бусдад өгөх нь их хэмжээгээр өгч буй баян хүнээс ч илүү өгөөмөр байдаг юм шүү. Үүгээр бас нэгэн нууцыг дэлгэе. Тэр нь та сурсан мэдсэн бүхнээ бусдад бас ярьж өгч бай. Тэгвэл тэрхүү мэдээлэл тань танд мэдлэг болон үлддэг юм. Та санаж байна уу? Монголд 12 настайдаа их сургуулиа төгсөж байсан Электрон жаал гэх залуу байдгийг. Түүний сурлагын амжилтын нууц нь бусдад хичээл заадаг байсантай холбоотой байсан гэдэг. Үгүй ер нь өгч чаддаг хүнд л эргээд юм очдог байх аа.
Залуу хүн бүр ингээд ажиллаад, нийгэмдээ туслаад явах үед энэ улс хөгжихгүй гээд хаачдаг юм. Монгол улсад 1.28 сая хөдөлмөрийн насны хүмүүс байна. 3.3 сая хүнтэй энэ улсыг хөнгөн босгоод ирнэ.
Ирээдүйгээ өөрчилье
Өнөөдрөөс гадна өөрийнхөө ирээдүйг өөрчлөх гээд үзвэл ямар вэ? Хэдүүлээ хамтдаа тэтгэврийн системээ шинэчлэх гээд үзвэл ямар вэ? Манай хэдэн найзууд хамтдаа “Тэтгэврээ аваръя” гээд Facebook хуудас үүсгэн тодорхой мэдээлэл хүргээд ажиллаад байгаа. Зүгээр л сайн дураараа, нийгэмд сайн сайхан зүйлс цэцэглэг гээд л үзээд байна.
Та үүнийг бусдад түгээх үү?
Бид нэг зүйл итгэж буй нь Монгол улс ингээд л бусдын дор яваад байж болохгүй. Бид дэлхийн хамгийн шилдэг системээс суралцаж, өөрсдийн сайн тэтгэврийн системтэй болно гэж итгэсэн юм. Тийм болохоор одоогийн эв хамтын системийг буруу гэж үзсэн. Та юу гэж бодож байна?
Тэгэхээр ийм юм билээ. Манай тэтгэврийн даатгалын сан сүүлийн 7-н жил дараалан алдагдалтай ажиллаж буй. Дээр нь зарим мөнгөө дампуурах гэж буй банканд хийгээд алдчихсан юм билээ. Гэхдээ тэр чухал биш. Гол нь өнөөдөр НДШ төлж буй хүмүүсийн мөнгөөр нэг ч хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм. Харин дэлхийн №1 гэгдэх Нидерландад бол “Гурван тулгуурт” тэтгэврийн системийг бүрдүүлжээ.
Тэр нь манайх шиг улсын суурь тэтгэвэр байх бөгөөд үүнийг нь нэг дэх тулгуур гэх юм. Үүнээс гадна давхар хувийн тэтгэврийн сангууд байдаг ба тэдгээрийг 2 ба 3-р тулгуур гэдэг аж. Нидерланд иргэн 4.9 хувийг улсдаа төлөх бөгөөд 16 хувийг өөрийн хувийн тэтгэврийн сандаа төлдөг ажээ. Улмаар тэрхүү төлсөн мөнгөөрөө тэд томоохон корпорацуудынхаа эзэн нь болдог юм. Санаанд бууж байна уу? Зүгээр л ажлаа хийгээд явж буй залуу цаагуураа улсынхаа хамгийн том компанийн эзэн нь байна гэхээр. Гоё байгаа биз. Тэд ийм л агуу системийг үүсгэсэн байгаа юм. Харин манайх 19 хувь улсад төлөх боловч юун компанийн эзэн болох, буцаагаад тэтгэвэр авах нь ч эргэлзээтэй. Гэхдээ байнга л энэхүү хувийг нэмж байна.
Үгүй ер нь бид л өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөх билээ? Яагаад ч юм нээх ухаантай гадны хүн ирээд, яагаад ч юм биднийг нээг их өрөвдөөд өөрчлөхийг хүлээх юм уу? Уг нь энэ асуудал дээр хуулийн өөрчлөлт, зохицуулалтын журам гаргахад л болох гээд байгаа шүү дээ. Бичиг цаасны л ажил. Өөр юу ч биш. Бид хамтдаа яг нэгэн дуугаар энэхүү шаардлагыг удирдах хүмүүст хүргэж чадвал тэд ажлаа хийхгүй гээд хаачих билээ. Үгүй ядаж бүгдээрээ “Тэтгэврээ аваръя” хуудсаа олон хүнд хүргэхэд тусалъя л даа.
Бусдыг ч өөрчилье
Жил бүр 9 сая хүүхэд 5 нас хүрэлгүй нас бардаг. Африкийн тивийн өмнөд хэсэгт төрж буй 30 эмэгтэй тутмын нэг нь төрөхийн хүндрэлээр нас бардаг /Өндөр хөгжилтэй оронд энэ нь 5600-д нэг байдаг/. Африкийн 25 оронд дундаж наслалт 55-с доош байна. Энэтхэгт 50 сая гаруй хүүхэд бичиг үсэггүй явж байна. Бид ганцаараа зовлонтой биш байгаа биз? Та ч ялгаагүй, би ч өөрцгүй, дэлхийн 7.7 тэрбум хүний л нэг.
Тэднээс зарим нь биднээс сайхан амьдардаг, зарим нь хүндхэн амьдардаг. Тэд ч бид ч адилхан уурладаг, гунигладаг, бодож сэтгэдэг хүн. Бид юугаараа ч дутуу биш бас юугаараа ч илүү биш. Хятад, Монгол, АНУ, Замби, Финланд гээд хэн ч адилхан. Нөгөө л агуу 100-н тэрбум нейрон нь хоорондоо цэнэг дамжуулан бодож, нөгөө л биен дэх хэдэн бодис нь сэтгэл хөдлөл төрүүлж байгаа. Тийм юм чинь одооноос гадаад хүн гэхээр биднээс өөр гэж боддог, гаднын юм гэхээр биднээс агуу гэж боддогоо болих хэрэгтэй.
Нөгөө талаасаа өөрсдийгөө агуу ухаантай нтр гэж андуурдгаа бүр болих хэрэгтэй. Энэ хоёр туйл нь ямар ч утгагүй. Тийм юм чинь хоёулаа Монгол гэх жижиг бүлэгт харьяалагдах, Дэлхий гэх нэг гэр бүлд хамаарах хорвоо дээрх ухаант хүн гэдгээ бүрэн ухааръя. Тэгээд хамтдаа улсаа гоё болгоё. Цаашлаад дэлхийд тус нэмэр болъё. Тэгэх үү? Эхлээд хажуудхаа, тэгээд улам том цар хүрээгээр ажиллая. Монголд байгаа 28 хувийн ядуурлыг үгүй хийе. Дараа нь дэлхийн адагт үлдсэн тэрхүү 1 тэрбум хүнд тусалъя.
Яаж байна?
Мөрөөдөл
Нээрээ нэг өдөр Дэлхийн эдийн засгийн форум дээр бидний нэг нь Монголоо яриад сууж байх юмсан. Тэд биднээс суралцах гээд сонсоод шүү дээ. Та хэд яаж наад ядуурлаа бууруулав? Та нар ийм богино хугацаанд яаж энэ бүх асуудлаа шийдэж чадав? гээд асуулгаж байхсан.
Тэгээд л өөдөөс нь аан тийм тийм. Бид чадсан юм. Бид ядуурлаа бууруулчихсан. Аанха! бид тэтгэврийн асуудлаа бүрэн шийдчихсэн. Аанха! Тийм! Тийм! бид ингээд хөрөнгийн зах зээл хөгжүүлчихсэн юм. Тэгээд манай иргэн бүр хуримтлалтай, чадамжтай болчихсон юм. Аанха! харин тийм! Хүний хөгжлийн индексээр толгой цохиод байгаа биз? Тэгдэг юм даа. Бид ингээд шийдчихсэн юм… гээд л жинхэнэ өнөөдрийн Монголоороо гангарч суухсан… Тэгээд эцэст нь та бүхэн манай энэ бүх мэдлэг, аргачлалыг сурахыг хүсвэл Монгол хэл сурахаас өөр яах вэ дээ? Энэ бүх мэдлэг зөвхөн Монгол хэл дээр л бий… гэж томрохсон.
Видео:
Ном зүй: