Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж, мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
– Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон Засгийн газраас санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар хэлэлцлээ. Төрийн өндөр албан тушаалтны ойрын хамаарал бүхий этгээд албан тушаалд томилогдохгүй байх, төрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй байх тухай заалт бүхий хуулийн төслийн талаар мэдээлэл сонсож ярилцлаа.
– Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих гэж байгаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч хүн. Энэ асуудалд улс төрийн намууд илүү оролцоотой байж, зарчим дээрээ нэгдэж байвал Ерөнхийлөгч өргөн барина гэсэн байдалтай байгаа. Бид өнөөдөр энэ хуулийн төсөлд ямар санал өгөх эсэхээ хэлэлцэж, дэд ажлын хэсгээс мэдээлэл өгнө. Бид өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт бүлгийн хурлын дараа ээлжит бусаар хуралдсан. Хурлаар олонхоороо Сонгуулийн хуулийн хувилбарыг өргөн барих шийдвэрийг гаргасан. Бусад зүйлийг асууж болно.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
– Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг өргөн барьж, энэ долоо хоногт хэлэлцэх гэж байна. Ардчилсан намын бүлгээр энэ хуулийг хэлэлцлээ. Би УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээнд энэ хуулийн төслийг 2022 онд санаачилж, УИХ-ын чуулганаар дэмжигдсэн. Энэ хуулийн төслийг зайлшгүй баталж гаргах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчдөөр дамжуулан ард түмний боломжийг хулгайлж буй асуудалд улс төрийн намууд дүгнэлт хийж, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн хамаатан садан илүү боломж эдэлдэг байдлыг засах шаардлагатай. Энэ асуудалд олон зүйл ярьж, УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Хүний эрх, Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг хөндөж байсан. Өнөөдөр нийт Монголын төрийн чадамжийн асуудал сөхөгдөж байна. Өнөөдөр төрд итгэх итгэл алдарсан. Төрийн баталгаатай зээл, тусламж, тендерийг авч завшдаг, тэрийгээ бизнес хийдэг схем бий болжээ.