НҮБ-ын Хүүхдийн Сан болон “ТЭСО” групп хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т энэ сарын 7-ны өдөр гарын үсэг зурснаар Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд, гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг сурталчлах, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг эхлүүллээ.
Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран малчин хүүхдүүдийн боловсролыг дэмжих, тэдэнд зайнаас суралцах боломж бий болгох ажлуудад хамтран ажиллахаар тусгажээ. Энэхүү ажлууд нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Улс орны хөтөлбөрт тусгагдсан бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилтуудтай уялдан хэрэгжинэ.
“ТЭСО” группийн Гүйцэтгэх захирал С.Болор хэлэхдээ, “Энэхүү санамж бичгийг зурснаар “ТЭСО” групп нь Монгол Улсын бизнесийн салбарт “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмуудыг манлайлан сурталчлах болно” гэдгийг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ, “2023-2027 оны Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнесийн салбарын хувь нэмэр маш их байгаа бөгөөд шинэ хөтөлбөр эхэлснээс хойш бизнесийн салбарын хамтын ажиллагааг “ТЭСО” групптэй эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.
“ТЭСО” групп нь ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг Монголд анх удаа 2019 онд байгуулсан. Тус жишгийг дагаж олон компани хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж эхлээд байна.