Шинжлэх ухааны хамгийн хөгшин салбар одон орон судлалын бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий 10 одон оронч, зурхайчыг танилцуулж байна. Жагсаалтад энэ салбарт тод мөр үлдээсэн эрхмүүд багтжээ. Тэдний нэр одон орон, зурхайн 3000 жилийн түүхтэй холбогдож байдгаараа гайхамшигтай. Харин бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 одон оронч, зурхайчын жагсаалтыг Клаудиус Потелмой тэргүүлдэг байна.
- Нехепсон ба Петосирид
МЭӨ II зууны эхний хагаст амьдарч асан Грекийн одон орон судлаач Нехепсон болон Петосирид нарын од эрхэс болон нар сарны хиртэлт, тэнгэрийн гэрэлт цагираг, ертөнцийн дөрвөн зүг зэрэг янз бүрийн шинж тэмдэгүүд нь хүний хувь заяанд нөлөө үзүүлдэг гэдэг санааг анхлан гаргасан совин тайлагч цуврал ном одон орон судлалын салбарт тод мөр үлдээжээ.
Тухайн цаг үедээ шуугиан тарьж, ноцтойд тооцогдож асан энэ бүтээл өнөөдөр одон орон, зурхай судлалын “Hellenistic” философийг бий болгожээ. Тэдний ихэнх бүтээлүүд МЭӨ он жилүүдэд бүдгэрч, цагийн аясаар гээгдсэн. Гэвч тэдний үзэл санаа, эдгээр бүтээлийнх нь хэлтэрхий бичвэрүүд эртний ишлэлүүдэд хадгалагдан үлдсэн гэж одон орон судлаачид үздэг байна. Одон орон судлалын “Hellenistic уламжлалын үндэс суурийг тавьсан эдгээр санаанууд барууны зурхайд өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа.
- Маша Аллах
Маша Аллах МЭӨ VIII зууны сүүлчээр Исламын Халифагийн дор Багдадад шүүхийн зурхайчаар ажиллаж байжээ. Цаг үеийнхээ тэргүүлэх зурхайч, одон орон судлалын урдаа барьдаг эрдэмтэн хэмээн үнэлэгддэг байсан тэрээр зурхайчдын анхан шатны эх сурвалж болох нөлөө бүхий баримт бичгийг Араб хэлээр туурвисан.
Мөн өөрийн зурхайн зурган бүтээлийг бичиж үлдээжээ. Өөрийн гэсэн гарын хэд хэдэн шавьтай байсан Маша Аллах хожим барууны зурхайчдын уламжлалд ашиглагддаг эртний эх бичвэрүүдийг бичсэн байна.
Түүний араб хэл дээр бичсэн бичвэрүүдийг дараа дараагийн үеийн зурхайчид анх латин хэл дээр орчуулан хөврүүлжээ. Маша Аллахын бүтээлийг латин хэлнээс орчуулагчид түүний нэрийг эх сурвалжуудад Messahalla, Messala, Macellama, Macelarma, Messahalah зэрэг олон хувилбараар тэмдэглэсэн байдаг.
- Ален Лео
XX зууны зурхайн эцэг хэмээн нэрлэгддэг Ален Лео 1860-1917 онд амьдарч байсан. Лео зурхайн өв уламжлал, зурхайн технологийг хялбаршуулах аргачлалыг бий болгож, зурхайн ухаанд үйлийн үр ба хойд дүр зэрэг олон үзэл баримтлалыг нэвтрүүлжээ. Энэ нь XX зууны эхэн үед бараг л унтарч байсан зурхайн ухаанд сэргэлт болж өгчээ.
Одон орон судлал, зурхайн ухааны стандартчилагдсан, нарийвчлалтай бүдүүвчийг харуулсан түүний цуврал бүтээлүүд түүнээс хойш төрөн гарсан зурхайчдад том нөлөө үзүүлжээ.
Ален Лео амьд ахуйдаа Лондонд “Astrological Lodge” зэрэг одон орны олон тооны байгууллагыг үүсгэн бий болгож, дэс дараатай хурал цуглаан зохион байгуулж байжээ. Хожим түүний номууд олон хэл дээр хөрвүүлэгдэн өргөн хүрээтэй тархаж Европ, Америкийн орнуудад зурхайн ухаан дахин сэргэхэд нөлөө үзүүлсэн байна.
- Веттий Валент (Валенс Антиох)
Ромын зурхайч, II зууны дунд үед амьдарч байсан. Бүтээл нь түүнийг амьд ахуй үеэс одон орон судлалын салбарынханд танил болжээ. Хожим нь тэрээр Ромоос Египет рүү нүүж зурхайчдад зориулсан сургууль байгуулж байжээ.
Түүний туурвисан нар сарны байршил, зурхайн үзэл баримтлал зэрэг олон бүтээл “Hellenistic” зурхайн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг. Валент өөрийн бүтээл эмхэтгэлээ оюутнуудад зориулж Грек хэл дээр бичсэн боловч III зууны үед угсаатны хэсгүүд Перс хэл рүү орчуулж, хожим VIII зуунд Араб хэл дээр орчуулж байжээ.
Дундад зууны үеийн зарим зурхайчид түүнийг ихээхэн хүндэтгэдэг байжээ. Х зууны үед Бошиглогч Мухаммедын асуусан асуултад Валент хариулсан. Хожим нь XII зуунд Византийн эзэн хаан Константинопол хотыг үүсгэн байгуулах асуудлаар болон сонгуулийн бүдүүвч гаргах асуудлаар Валенттай зөвлөлдсөн тухай домог бий. Гэвч энэ үйл явдлууд Валентыг нас барснаас хойш олон зууны дараа болсон тул эдгээр түүхийг үнэн биш гэж үздэг юм байна.
- Нострадамус
Жагсаалтын хамгийн алдартай зурхайч нь Мишель де Нострадамус. 1503-1566 онд амьдарч байсан. Хорин нас хүрээгүй байхдаа философи судалж, дэлхий нарыг тойрон эргэдэг тухай онолыг илэрхий дэмждэг нэгэн байв. Монпельегийн их сургуульд суралцаж, анагаах ухаан судлан, тахалд нэрвэгдсэн өвчтнүүдэд тусалж, эрдмийн дээд зэрэг горилсон тэрээр 1566 онд “Мишель Нострадамусын зөн билгүүд” хэмээх 400 орчим дөрвөн мөрт бүхий анхны номоо хэвлүүлжээ.
Ном гарсан даруйдаа олны анхаарлыг татсан ч зарим хүн түүнийг галзуу солиотой гэцгээж байжээ. Харин дөрвөн жилийн дараа буюу 1559 онд Францын хаан II Генрихийн золгүй үхлийг яг таг зөгнөж хэлсэн нь батлагдмагц Нострадамусыг ер бусын хүн болохыг нийтээр хүлээн зөвшөөрсөн гэдэг.
Тэр үеэс зөнчийн нэр хүнд өсөхийн хамт гайхамшигт мөртүүд нь биелсээр байжээ. Ирээдүйн талаар, ирж яваа олон зууны таамаглалыг агуулсан дөрвөн мөр шүлэг хэлбэрээр бичигдсэн зөгнөлт бүтээлийг Нострадамус зурхайн таамаглалыг ашиглаж хийсэн гэж үздэг байна.
- Бероссус
Дэлхий нарын тойрон эргэдэг гэсэн онолыг анх гаргасан, МЭӨ III зуунд амьдарч байсан эртний Вавилоны эзэнт гүрний Чалдийн их лам Бероссус жагсаалтын тавд бичигджээ. Месопотамийн зурхайч хэмээн нэрлэгддэг тэрээр Грекийн Колик аралд зурхайн байгууламжийг байгуулжээ. Үүнд одон орны тооцоо судлал, зурхай, мэргэ төлгөд суралцагчид элсдэг байжээ.
Энэ үед одон орон, зурхайн хурдацтай хөгжсөн бөгөөд Бероссус нь МЭӨ 605-562 онд засаглаж асан Навуходонсор II хааны үеийн Вавилон хотын эртний дэлхий дахинаа алдаршсан ертөнцийн 7 гайхамшигийн нэг Семирамисийн цэцэрлэгийг өөрийн номд хамгийн анх дүрслэн үзүүлсэн хүнээр нэрлэгддэг.
Бероссусын одон орон судлалын олон бүтээл үлдсэн. Мөн түүний тухай олон домог хэдэн зууны турш дэлхий ертөнцөд тархан яригдсан хэвээр байгаа юм. Барууны зурхайд сүүлийн 2000 жилийн турш ашиглагдаж байгаа зурхайн үндсэн бүтэц болсон гариг, гарал үүсэл, шинж тэмдгүүдийн системийг түүний бүтээлээс эхтэй гэж үздэг аж.
- Дэйн Радьяр
Америкийн зурхайч Дэйн Радьяр 1895-1985 оны хооронд амьдарсан. XX зууны хамгийн нөлөө бүхий одон орончдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Тэрээр хамгийн анхны “The Personality of Astrology” номоо 1936 онд хэвлүүлсэн нь одон орон, зурхайн салбарт нөлөө бүхий номын нэгд зүй ёсоор тооцогддог байна.
Мөн Радьярыг Ален Леоны нэгэн адил зурхайд шинэ үеийн хандлагыг авчирсан гэж үздэг. Түүний гол амжилт нь зурхай судлалын зарим элементийг нэгтгэсэн явдал байв. Ален Лео зурхайн зуршлыг шинжлэх ухааны шинжилгээ рүү шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн бол Радьяр харин зурхайг хүний сэтгэл судлал, сэтгэл зүйтэй холбох, энэ тал руу гүнзгий судлах анхны оролдлогыг хийжээ.
1960-70-аад оны үед Дэйн Радьярийн энэ сэдэв ихэд алдаршсан бөгөөд олон тооны зурхайчид түүний зурхайг шинжлэх ухаантай улам бүр ойртуулсан энэ үйл хэргийг сонирхон дэмжих болсон байна.
- Вильям Лилли
Вильям Лилли 1602-1681 онд амьдарсан. 1647 онд англи хэл дээр зурхайн гарын авлага “Христэд итгэгч Одон оронч” номоо хэвлүүлэн нийтийн дунд алдаршчээ. Үүнээс өмнө одон орон судлалын эх бичвэрүүд голдуу латин хэл дээр хэвлэгдэж байв.
Лиллигийн англи хэл дээр бичсэн гарын авлага сүүлийн 300 жилийн турш англи хэлээр ярьдаг зурхайчдад нөлөөлсөн бөгөөд дараагийн олон зууны турш энэ ном хэд хэдэн удаа хэвлэгдсэн байна. Түүний бүтээлийг одон орон судлаачид онцгой чухал бүтээл гэж үздэг. 1980-аад онд түүний бүтээлийг түгээмэл ашиглах болсноор уламжлалт зурхай, зурхайн уламжлалт хэв маяг сэргээхэд хүрчээ.
Лилли амьдарч асан цаг үедээ буюу 1649 онд “Ирэх жил хаан нас барна” гэсэн таамаглалаа дэвшүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Мөн 1665 онд тэрээр өөрийн эдлэн газарт тахал нуугдаж байгааг, 1666 онд Лондонд их хэмжээний гал гарах зэрэг үйл явдлыг таамагласан. Эдгээр таамаглал нь түүнийг нэр алдартай болгосон ч эсрэгээр хардлага, шийтгэл дагуулахад хүргэж байсан гэдэг.
- Сидоны хаан Дорофей
Сидоны одон оронч Дорофей МЭӨ I зууны сүүл үеэр амьдарч байсан. Түүнийг Грек, Египетийн зурхайчдад, цаашлаад дундад зууны үеийн одон орон судлалд асар чухал нөлөө үзүүлсэн төдийгүй сонгомол зурхайн суурь үндэс болсон гэж үздэг байна.
Түүний бүтээлүүд грек болон латин хэл дээр хадгалагдаж байсан бөгөөд анх Грек хэлнээс орчуулсан шүлгүүд перс, араб хэл дээр хэсэгчлэн болон бүтнээрээ орчуулагдаж, улмаас англи хэл рүү хөврүүлэгдэж байжээ.
Дорофейн бүтээл, шүлэг бүхий номыг тав хуваадаг. Эхний хоёр ном нь уугуул төрсөн газар нутгийг судлан хүний амьдралыг тодорхойлох, дөрөв дэх ном нь цаг хугацаа хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болох, өвчин эмгэг гэх мэт бусад асуудлыг хэрхэн шийдэх талаар дурдсан бол тав дахь ном нь эртний болон зурхайн “Hellenistic” уламжлалын зурхайд ашиглагддаг одон орон, зурхай судлалын хамгийн олон жилийн настай бүтээл аж.
- Клаудиус Потелмой
Бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий одон оронч, зурхайчдын жагсаалтыг МЭӨ 90 онд Египет дахь Ромын эзэнт гүрний эзэмшил Александр хотод төрсөн математикч, одон оронч, газар зүйч, зурхайч, шүлэгч Клаудиус Потелмой тэргүүлж байна. Тэр амьдарч асан цаг үедээ төрөл бүрийн шинжлэх ухааны салбарыг хамарсан нэгдсэн системийг бий болгохоор зорьж байв.
Түүний анхны бүтээл математикийн эрдэм шинжилгээний тухай “Mathematical Treatise” нэртэй байсан бол сүүлчийн бүтээл нь одон орны зурхайн онолын тухай “Apotelesmatika” нэртэй сонирхолтой бүтээл байжээ. Эртний гүн ухаантан Аристотелийн байгалийн гүн ухааны судалгаа шинжилгээтэй өрсөлдөхүйц энэхүү хосгүй бүтээл нь түүхэн талаасаа ч сонирхол татдаг.
Учир нь тэр онолын болон техникийн орчныг илүү оновчтой хослуулсан шинжлэх ухааны гүнзгий үндэслэлтэй зурхайг бий болгохыг оролдож байсан шинэчлэгч юм. Туршилтын явцад амжилтанд хүрсэн томоохон техникийн өөрчлөлт нь одон орны салбарт бие даасан сэдэв болон хөгжсөн бөгөөд ирээдүйн үйл явдлын тэмдгүүд шиг үйлчилж эхэлсэн аж.
Түүний ертөнцийг үзэх үзэл, агуулгын хувьд нарийн системчлэгдсэн, огторгуй ертөнцөд оршдог сансрын биетийн талаар хийсэн тайлбарууд зэрэг нь одон орны дараагийн 1000 жилийн үзэл баримтлалын нэг хэсэг болжээ. Мөн 1800 гаруй жилийн турш өөр өөр хэл дээр орчуулагдан, одон орон, зурхайн салбарынхны тасралтгүй ашиглаж байгаа цорын ганц бүтээл юм байна. Энэ амжилтаараа Клаудиус Потелмой бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий зурхайчдыг тэргүүлж байна.
Д.ХАЛИУН