“PlanetGold” Монгол төслийн Удирдах хорооны тав дахь удаагийн хурал өнөөдөр боллоо. Хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд Сайд, Төслийн удирдах хорооны дарга М.Ганбаатар даргалж, нээлтийн үг хэллээ.
Тэрээр Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенцын хүрээнд хүлээсэн Засгийн газрын амлалтыг хэрэгжүүлэхэд уг төслийн хувь нэмрийг онцлон дурдаж, бичил уурхай дахь мөнгөн уснаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн үр дүнг хадгалах нь чухлыг онцлов.
Мөн төслийн зорилтын хүрээнд алтны бичил уурхайг албажуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох, хүдэр баяжуулах технологийг сайжруулах, мэдлэг мэдээллийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй болон хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаануудыг дэмжиж, санал зөвлөмж өгч, үр дүнтэй хамтран ажиллахыг хуралд оролцогч талуудад хүсэв.
Хуралдаанаар “Planet Gold” төслийн 2022 оны ажлын тайланг хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Дэд сайд М.Ганбаатарын хамтаар PlanetGOLD Монгол-Филиппин бүсийн төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Минамата Конвенц хариуцсан эксперт ноён Инаки Родригез, төслийн гүйцэтгэгч болох Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн Дэд захирал, PlanetGOLD Монгол төслийн менежер ноён Рожэр Тиссо нар мөн нээлтийн үг хэллээ.
Төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнд БОАЖЯ, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Канадын Алтны бичил уурхайн зөвлөл зэрэг байгууллагууд багтдаг ба хуралд эдгээр байгууллагын холбогдох албаны хүмүүс мөн оролцов.
Уг төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж, Канад улсын Алтны бичил уурхайн зөвлөл гүйцэтгэдэг юм.
Төслийн үр дүнд бичил уурхайн албажуулалтыг нэмэгдүүлэх, алтны гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, алтны хүдэр боловсруулах шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар мөнгөн усны хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж тооцоолсон.
Энэ хөтөлбөрийг найман оронд хэрэгжүүлж байгаа ба манай Улсад 2019-2023 оны хооронд буюу таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх байсан хэдий ч цар тахлын улмаас төслийн зарим үйл ажиллагаа удааширснаас үүдэн төслийн хэрэгжих хугацааг 2024 он дуустал сунгах болсон юм.
БОАЖЯ