Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автозамчдын холбоо хамтран “Авто зам-Экспо 2023” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг зургаан улсын авто замын салбарын 50 компанийн төлөөлөл оролцож, олон улсад туршигдсан техник технологийн шийдлийг танилцуулж байна.
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нээж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ гэсэн зорилт тавьсан гэдгийг онцлоод, авто замын санд хуримтлагдаж байгаа хөрөнгөө зөв зарцуулж, засвар арчлалтаа чанартай гүйцэтгэж, өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Цаашид богино хугацаанд бага өртгөөр чанартай зам барьж байгуулах, замын норм нормативыг шинэчлэх бодит шаардлага тулгарч байгааг хэллээ.
2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ил тод нээлтэй төрийн үйлчилгээг түгжрэлгүй хүргэх зорилтыг дэвшүүлж, ЧАНАРТАЙ ЗАМ- ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ бодлогыг баримталж буй.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт даац хэтрүүлэн тээвэр хийсэн аж ахуй нэгж, ачаа илгээгч, хүлээн авагчидтай хатуу хариуцлага тооцно гэдгийг УИХ-ын чуулган дээр онцлон тэмдэглэсэн. Замын эвдрэлийн 60-70 хувь нь даац хэтрэлтээс үүдэж учир засвар арчлалт нь шинэ зам барихаас илүү чухал асуудал болж байна. 2023 ондоо 540 орчим км зам, 500 у/м гүүрийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Та бүхэн бүх шатандаа дэмжиж ажиллахыг хүсье” гэсэн юм.
“Авто зам-Экспо 2023” үзэсгэлэнд авто зам, гүүрийн инженер, техникийн ажилчид, эрдэмтэн судлаачид, зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, асфальтын үйлдвэр болон хайрганы карьер зэрэг замын материал үйлдвэрлэгчид, лаборатори, битум, цемент, бусад материал ханган нийлүүлэгчид, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж, замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио үйлдвэрлэгчид зэрэг салбартай холбоотой бүх аж ахуйн нэгжүүд оролцож,
- Олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах
- Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт техник технологийг нутагшуулах,
- Үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулах,
- Инженер техникийн ажиллагсад харилцан туршлага мэдээлэл солилцох,
- Бизнесийн шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох
- Авто замын салбарт шаардлагатай хүний нөөц зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцож байна.
ЗТХЯ