Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрөл, лиценз авах, сунгах, цуцлах процесс тодорхойгүй, удаан, хүнээс хамаарсан, төрөөс лавлагаа тодорхойлолтыг заавал бичгээр, албан бичгээр хүсэлт хүргэж, хариуг нь очиж авах шаардлагатай гэх мэт төрийн үйлчилгээний уламжлалт хэлбэр нь бизнес эрхлэгчдэд зардал чирэгдэл, цаг хугацаа их зарцуулахад хүргэдэг.
Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “и-Монголиа академи” УТҮГ, “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ болон бусад төрийн байгууллагууд хамтран “e-Business” платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа.
E-Business платформ нь компани байгуулахад шаарддаг компанийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгөө бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамга захиалгын хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдвэрлэж, бүх үйл явцыг 2 хүртэлх хоногт шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээг авахад аливаа албан бус зардал гаргахгүй, цаасан бичиг нэхэхгүй бөгөөд 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ буюу нийт 685 үйлчилгээг холбосон.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам