“Эрдэнэс Тавантолгой” ХК худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Үнэлгээний комиссын дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарласан. Шалгаруулалтын нээлтийг хийхэд нэгдүгээр багцад гурван ААН, хоёрдугаар багцад хоёр ААН орсон.
Өмнө нь хийгдэж байсан гэрээгээр нэг метр куб уулын цулын ажлыг 12,900 төгрөгөөр тооцож гүйцэтгэлийг өгч явсан байна. Бид тендерийн баримт бичигт нэг метр куб уулын цулын ажлыг 11,982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх саналын шаардлагыг тавьсан юм. Ингэснээр нэгдүгээр багцаас 62 орчим, хоёрдугаар багцаас 72 тэрбум төгрөг буюу нийт 130 орчим тэрбум төгрөгийг батлагдсан төсвөөс хэмнэх бололцоотой болсон.
Үнийн саналыг хамгийн бага ирүүлсэн оролцогчийг шалгаруулж тендерийн үнэлгээ хийдэг. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендерт оролцогч гэж үздэг. Үүний дагуу нэгдүгээр багц дээр “Эрдэс Майнинг Оператор” компаниудын түншлэл, хоёрдугаар багц дээр “Моннис майнинг” ХХК шалгарсан” гэв.