Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирлаа.
Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдаваа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм.
Яллагдагчаар татаад, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Тухайн хүний хувьд шалгагдаагүй гараад явсан. Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана.
Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан” хэмээв.
Түүнчлэн “Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Тухайн иргэдийн гэм бурууг зөвхөн шүүх шийднэ” гэдгийг хэллээ.