“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
“Хөрс хуулалтын буюу олборлолтын тендерийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван жилийн хугацаатай зарласан бөгөөд хугацаа нь 2023 оны хоёрдугаар сард дууссан. Үүнтэй холбогдуулан хоёр багц тендерийг зарласан. Тендерийг хуулийнх нь дагуу ил тод зарлаж, дүгнээд энэ долоо хоногийн Даваа гарагт компаниудад мэдээлэл хүргүүлсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл явж байна. Ялангуяа миний биеийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдлоо гэдэг асуудлаар мэдээлэл явж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт буюу хөрс хуулалтын сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа дэмжих үүднээс өмнөх нөхцөлийг бага зэрэг буулгаж оруулсан. Хэн нэгнийг ялуулахын тулд, давуу байдал үүсгэсэн тендерийг бид зарлаагүй” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ.