Өмссөн хувцсаар нь “ялгаварлаж”, костюм эсвэл дээлгүй бол Ордонд оруулахгүй гэдэг нь Үндсэн хуульд нийцэх үү гэж яригдаж байна. Дресс кодын талаар 2 сонирхолтой жишээг танилцуулъя.
1) Японы “Cool biz” Токиод зуны халуунд “күүл бизнес” буюу зангиа зүүхгүй, пиджакгүй хагас ханцуйтай цамц өмсөхөд “ОК” байдаг. Ингэснээр оффисууд AC-ний тог хэмнэж, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт ч үр ашигтай гэх тооцоог METI-аас хийсэн байсан. Энэ санаачилгыг анх Японы байгаль орчны яамнаас төрийн албан хаагч нарт санал болгосон байдаг. Зөв зүйл байсан тул одоо хувийн компаниуд ч хэрэгжүүлдэг. Тоёота гэхэд Cool biz улиралд албан уулзалтдаа ч заавал пиджак, зангиа шаардахаа больсон байна.
Уг нь Япон дэлхийд хамгийн формал бизнес хувцасны соёлтой улсуудын нэг. Костюм зангиаг бол утгаар нь хэрэглэдэг народ. Ажлын ярилцлага, хурим ёслол эсвэл албан уулзалт уу гэдгээс хамаараад хаана юуг яаж хослуулах талаарх заавар зѳвлѳгѳѳ ч хаа сайгүй. Иймд Европын алдартай брэндүүд хүртэл Токио дахь салбар дэлгүүртээ илүү загварлаг хослол зарах нь түгээмэл. Өглөө 7:30-ийн метронд чихэлдэж буй “салариман”-ууд үнэтэй биш ч, жин тан хувцаслалтай, цэмцийгээд л зогсоцгоож байна.
2) Wall Street & санхүүгийн салбар. Ер нь хаа газар банкирууд хамгийн формал бизнес хувцасны соёлтой. Энэ ч хэдэн зуун жил уламжлагдсан зүйл байх. Банк итгэл дээр тогтдог бизнес, хүн мѳнгѳѳ зүгээр нэг тааралдсан хүндээ хадгалуулахгүй, анхны сэтгэгдэл ч чухал, энэ нь серъёз хувцаслалтаас л эхэлнэ. Цагаан цамц, бараан костюм, хар ботинк бол нийтлэг формат. Үүнээс гажвал “алиалагч” болчих эрсдэлтэй, элдэв тод өнгө, хээ судлыг таашаахгүй. Зангиа мэдээж чухал, зангидалт нь ч тэр, материал нь ч тэр. Хувцсан дээр албан тушаал, ранкаасаа хамаараад өмсөж болох болохгүй зүйл бий (боссоосоо хэт ѳѳр байж болохгүй, яг ижил байж болохгүй, мэдээж үнэтэй байж бүр болохгүй). Ажлын ярилцлагад бэлдэх үеийн зѳвлѳгѳѳний чухал хэсэг нь хувцаслалтын талаар байх нь цѳѳнгүй, аль банкнаас хамаараад юу болох болохгүйг хүртэл тайлбарласан байдаг.
Санхүүгийнхэн дундаа хамгийн ганган нь мэдээж Wall Street. Клиентээ хүндлээд үнэтэй хослол өмсөх ёстой гм бичигдээгүй дүрэмтэй. Санхүүгийн фирмүүд шинэ ажилтнууддаа сайн хувцас авах мѳнгѳ ѳгѳх нь ч ховор үзэгдэл биш. Холливудын кинонууд дээр ч гардаг болохоор нэмэлт тайлбар хэрэггүй биз. Харин хамгийн консерватив нь мэдээж төв банкууд. Хувцсан дээр нь лого, элдэв слоган эсвэл үрчлээтэй байж болохгүй гээд дүрмэндээ биччихсэн газар хүртэл бий (жишээ нь Канзас Фед). Тѳв банкууд бодлого шийдвэр дээрээ ч, ѳмсѳх хувцсан дээрээ ч болгоомжтой байх соёлтой. Financial Times Марио Драгги (Европын тѳв банкны экс ерѳнхийлѳгч)-ийн хувцас болон шийдвэрийн хооронд зүй тогтол байгаа эсэхэд анализ хийгээд юу ч олоогүй “бүтэлгүйтсэн” гэдэг. 7 жилийн хугацаанд хийсэн 72 хэвлэлийн хурал, олон нийтийн илтгэлийг нь судлахад зѳвхѳн бараан костюм, цагаан цамц, 18 ѳѳр зангиа, 1 зангиаг дунджаар 2 жил дээд тал нь 3.5 жил зүүсэн гэдгээс ѳѳр зүйл олоогүй байна.
Гэхдээ Ковид-19-ийн дараа санхүүгийнхний дресс код философ ихээхэн өөрчлөгдөж буй. Өмнө нь Casual Friday ч жийнс, кет бол NO & NO гэх газрууд цѳѳнгүй байсан бол одоо NY Fed-ийн ерѳнхийлѳгч (Жон Виллиамс) пүүзний цуглуулгаасаа ажилдаа өмсөнө гэж ярьж. Ж.П.Морганы Жеми Даймон хар поло цамц, Голдманы Д.Соломон футболкатай олон нийтийн өмнө гарсан нь медиагийн анхааралд орсон. Wall Street-д боссууд нь төдийгүй ажилтнууд ч жил гаруй гэрээсээ ажилласны дараа офист энгийн хувцас өмсөж буй талаар мэдээ нийтлэлүүд нэр хүндтэй сонинуудад мэдээ болсоор байна Жишээ нь энэ. Санхүүгийн салбарын дресс код ийнхүү ѳѳрчлѳгдѳн олон жилийн уламжлал эвдэгдэж, зангиа зүүсэн нэгнээ цаашлуулж “ажлын ярилцлагад орох нь уу” гэж асуух болжээ.
Ер нь костюм, ботинк, зангиатай бол зөв эсвэл буруу гэх нь утгагүй, энэ нь цаг үеэсээ хоцрогдсон сэтгэхүй байх. Хүчтэй соёл уламжлал, дүрэм ѳѳрчлѳгдѳж болдог гэдгийг дээрх 2 жишээ харуулж байна.
Эдийн засагч: Б.Түмэнцэнгэл