Түүхээс харахад тухайн цаг үеийн үйл явдлаас хамаараад энэ асуултын хариулт үргэлж нэг хэвээр, тогтмол байсангүй. 18-19-р зуунд Адам Смит тэргүүтэй ихэнх эдийн засагчид зах зээл ѳѳрѳѳ үр ашгийг бий болгоно гэдэг байр суурьтай байв. Тухайн үеийн дэлхийн эдийн засгийн цѳм Англи, Европт санхүүгийн хямралууд ч түгээмэл байсан. 1930-аад онд Америкт Их хямрал болж, 4 хүний 1 нь ажилгүй болсноор “макро эдийн засгийг удирдах тѳрийн бодлого чухал” гэдэг Кэйнсийн үзэл хүчтэй гарч ирсэн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны үед бол эдийн засаг дахь нѳѳцийн хуваарилалт, үйлдвэрлэлийг бүх улс орнуудад тѳрѳѳс удирдаж байсан. Харин энх тайван цаг үргэлжилснээр 70-aaд оноос эргээд чѳлѳѳт зах зээлийг эрхэмлэх үзэл түгээмэл болж, Милтон Фрийдман тэргүүтэй эдийн засагчдын байр суурь чухал болсон. Санхүүгийн зах зээл дээрх зохицуулалтууд сулран либералчлагдаж, тарифууд суларснаар дэлхийн худалдаа тэлж байв. Хүйтэн дайн дуусаж, 90-ээд оноос соц орнууд шилжилт хийснээр глобалчлал эрчимжив. Харин 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал ялангуяа орлого багатай хүмүүст хамгийн хүндээр тусав. Улмаар Стиглиц тэргүүтэй эдийн засагчид неолиберализмыг хурцаар шүүмжлэх болсон. Зах зээлийг, эдийн засгийг тѳрѳѳс оновчтой зохицуулахгүй бол хүнд хямрал үүсэх, эдийн засаг ѳслѳѳ ч баян хоосны ялгаа гүнзгийрч популизм газар авах гэх зэрэг асуудлууд анхаарлын тѳвд орж ирсэн. Харин Ковид 19-ийн хямрал аль хэдийн ѳрнѳж эхлээд байсан протекционист бодлогуудыг хурцатгах, эдийн засагт тѳрийн оролцоог илт нэмэгдүүлж байгаа.
Тэгвэл энэ үед эдийн засагчид юу ярьцгааж байна вэ? Чилийн сангийн сайд асан A.Velasco эдийн засгийн хямралын үед тѳсвийн бодлого маш чухлыг онцолж буй. Эдийн засаг гэх машиныг асаахад зээлээр дамжиж хэрэгждэг мѳнгѳний бодлого чухал ч, цааш явахад хѳрѳнгѳ оруулалтууд маш чухал гэдэг санааг илэрхийлсэн. Ковид шиг нийт эдийн засгийг хамарсан шокийн үед хувийн сектор зээл авлаа ч хѳрѳнгѳ оруулалт хийх аргагүй, үүнийг зѳвхѳн тѳсвийн бодлогоор хийх боломжтой. Энэ үед тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтууд үр ашигтай байж чадах уу гэдэг чухал асуулт. Кейнс судлаачдын нэг R.Skidelsky crowd-оut буюу тѳрѳѳс хийх хѳрѳнгѳ оруулалт хувийн хѳрѳнгѳ оруулалтыг шахан зайлуулдаг гэх үзэл онолын хувьд ч, практик дээр ч үгүйг олон жишээгээр энд тайлбарласан. Тухайлбал Америкийн Засгийн газрын сансрын технологи, интернет, тооцоолон бодох технологид хийсэн их хѳрѳнгѳ оруулалтууд одоогийн Google, Facebook, Amazon шиг компаниуд үр ашигтай бизнес хийх фундамент нь болсон гэжээ. Гэхдээ 21-р зууны эдийн засагт тѳр хѳрѳнгѳ оруулалт хийхдээ Кэйнсийн үе шиг зам барилга барьж одоогийн статистик дээрх ажлын байр ѳсѳлтийг бий болгох бус, харин улс орны ирээдүйн ѳрсѳлдѳх чадварыг дэмжих стратегийн хѳрѳнгѳ оруулалт чухал.
Эдийн засагч: Б.Түмэнцэнгэл