Ирэх есдүгээр сарын 26-30-нд Хөх хотод зохион байгуулагдах экпод Монголын 250 гаруй аж ахуйн нэгж оролцох саналаа ирүүлжээ. БНХАУ, Монголын Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү экспод оролцох аж ахуйн нэгжийг ХХААХҮ яам болон Худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгэж байгаа аж.
Дэлхийн 30 гаруй орны бизнес эрхлэгч аж ахуйн нэгж оролцох экспог зорьж буй манай үйлдвэрлэгчдийн гааль, тээврийн зардлыг БНХАУ-ын талаас хөнгөлөх юм байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг олон улсад нийцүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллана гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Долоо хоног үргэлжлэх экпогийн хүрээнд дөрвөн салбарын 220 арга хэмжээ төлөвлөгдсөн бөгөөд дэлхийн улс орнуудаас 2000 гаруй зочид ирэхээр бүртгүүлээд байгаа юм байна. Арга хэмжээний үеэр Орос, Монгол, Хятадын улсын бүх салбарын асуудлыг хамарсан гурван талт хуралдаан болно. Мөн хоёр улсын хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд, хил дамнасан худалдаа, инновацийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм байна.
Түүнчлэн эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих салбар хуралдаанууд болох юм. Энэ үеэр хоёр орны худалдаачид өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэлгэж, худалдаалах аж. Экспод бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс гадна урлаг, спортынхон оролцох гэнэ. Тухайлбал, манай улсаас нүүдэлчдийн хөгжмийн наадам зохион байгуулах аж.
Анхны экспод Монголын 239 аж ахуйн нэгж оролцож, 1.2 сая юань буюу дөрвөн тэрбум төгрөгний борлуулалт хийж байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа. 2016 онд худалдааны эргэлт 4.6 сая ам.долларт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар гурван тэрбум ам.доллар давж, өмнөх оноос 44 хувиар өсчээ.