Сүүлийн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлэх, заналхийлэх төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Ингэхдээ гэмт этгээдүүд нь айлган сүрдүүлэх зорилгодоо урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдийг оролцуулж, бүлэглэн үйлддэг болсон талаар албаныхан хэлж байна.
Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Олон овоот” өртөөнд байрлах газрыг “Шанг Гоу Зи” ХХК 60 сая төгрөгөөр түрээслэн ашиглаж байжээ. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 30 орчим хүн ирж айлган сүрдүүлж заналхийлэн тус компанийн данснаас 10 сая төгрөг шилжүүлж авсан байна. Эл гэмт хэргийг М.А нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож өнгөрөгч оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.