Ердөө л саяхан “Чингис хаан” одонт хоёр эрхэм болох гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нар “Монголын тал нутаг”-аа хамтдаа эгшиглүүлж, тийм нэг дулаахан мэдрэмж өгч байсан. Гэвч удалгүй их зохиолчийн бие нь чилээрхэж, урд хөршид эмчлүүлж байгаа талаар мэдээ дуулдаж, хандивын аян өрнүүлэн түүнд тусалж эхэлсэн. Гэвч хандиваар цугласан мөнгө эмчилгээнд нь хүрэхгүй байгаа талаар яруу найрагч До.Болдхуяг хэллээ.
Тодруулбал, нойр булчирхайн хорт хавдар нь дөрөвдүгээр шатандаа орсон гэсэн оноштойгоор цус сэлбэх эмчилгээ хийлгэсээр, энэ сарын 10-нд хагалгаанд орсон байна. Хавдар нь үсэрхийлэн бусад эрхтэнд нь тарсан учраас найман цагийн турш олон эрхтэн хамарсан хавдрыг тайрч авах маш хүнд мэс засал хийлгэсэн байна. Хагалгааны дараа биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа ч нойр булчирхайн шарх нь сэдэрсэн учир удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж, эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг нэмж олох хэрэгтэй шаардлагатай тулгарсан талаар хэллээ. Мөн тэрбээр “Эмнэлгийн зүгээс гурав дөрөв хоноод л дансандаа 20000 юань байршуулахыг шаардах бөгөөд хагалгааны үед 100000 юань байршуулсан нь аль хэдийнэ дууссан байна” хэмээсэн.
Төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн эрхэм хөгжмийн зохиолч харийн нутагт эмчилгээний мөнгөө арай гэж залгуулж суух нь дэндүү харамсмаар биш гэж үү. Тэр монголын хөгжмийн зохиолчдын урыг гайхуулж, ЮНЕСКО-гийн урын санд Монгол Улсаа, “Замбуутивийн наран”-тайгаа багтаасан. Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд эгшиглэсэн “Хүүхэн хутагтын дуулал”, Нобелийн шагнал олгох ёслолд эгшиглэж, дэлхийн суутнуудын сонорт хүрсэн “Хэрлэнгийн домог”-ийг түүнээс өөр хэн бичиж чадах бол. Тэр зүгээр нэг хөгжмийн зохиолч биш, төрийн дээд “Чингис хаан” одонг хүртсэн цор ганц хөгжмийн зохиолч Б.Шарав юм. Тэр л ганцхан
“Сэрсэн тал”-ыг сэтгэлд буулгаж, “Сэтгэлийн эгшиг”-ээр гуниг нимгэлж, олдошгүй эрдэнэ “Аав, ээж хоёр-ыг орлож, “Гэгээн алсад одох юмсан”-аараа амар амгаланг өгч, “Монголын тал нутаг”-аараа эх орноороо хайрлах, бахархахыг зааж өгч чадна. Ийм л учраас Монголынхоо нэрийг дуурсгаж байсных нь төлөө, гайхамшигт аялгууг нь мэдэрснийхээ төлөө түүний сэтгэлээс урган гарах эгшиг бүхэнд нь хөг нэмье. Бид одоо л туслахгүй бол Б.Шарав гуайн эмчилгээний зардал цаг минутаар урссаар, энэ хэрээр тэр биднээс алслан холдох гээд байна. “Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг” хэмээн дуулсаар, эх нутагтаа ирэхэд нь сэтгэл тэнүүн баяр жаргалтайгаар угтъя.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын зохиол “СЭРСЭН ТАЛ” үндэсний найрал хөгжмийн удиртгал
Эх сурвалж:О.ЭРДЭНЭЧИМЭГ
Амралтын шуудан