Амьдралын Мэргэн Ухаан:
“…Боловсрол гэдэг нь амьтнаас хүнд шилжих процесс юм. Та аль хавьд нь явна?…”
Таны өмнө гэнэт Харвард төгсөгч гарч ирлээ. Тэр хэн бэ?
Хэрэв тэр Харвардад орохоосоо өмнө л зөв хандлагатай, хүн шиг хүн байсан бол тэр одоо бүүр хүчирхэгжиж, ухаажсан байна.
Харин тэр Харвардад орохоосоо өмнө хүн болж чадаагүй, боловсорч амжаагүй, буруу хандлага суусан байсан бол тэр одоо Хүн Хог болсон байж мэднэ.
Харвард хүнийг хүн болгодоггүй. Харвард хүнийг ухаантай болгодоггүй. Харвард хүнийг уучламтгай, өр нимгэн, бусдын төлөө гэсэн болгодоггүй. Харвард хүнийг бусдын амийг аврахын төлөө улаан галруу үсэрч ордог болгохгүй. Товчхондоо Харвард хүнийг хүн болгохгүй.
Тааруухан амьтан Харвардад оржээ. Тэгээд төгсч. За энэ хүнд одоо сэтгэлзүйн томоохон асуудал үүсч ирнэ. Нэгэнт Харвард төгссөн учир хүн бүр л “…чи ухаантай биз дээ…чи мундаг биз дээ…яаж тийм агуу сургуулийг давж дийлэв…” гэсэн хандлагаар харж эхлэнэ. Угтаа бол мань хүн далд ухамсартаа ухаантай, мундаг, агуу болоогүйгээ маш сайн мэдэж байгаа.
Ингээд далд ба ил ухамсар нь илт зөрчилдөж, тэмцэлдэж эхэлнэ. Эндээс “…уучлаарай би их юм сураагүй, ухаантай болсон ч юм алга даа…” гээд үнэнээ хэлж Хүн Хүн байх — эсвэл — хүмүүсийн өндөр хүлээлтэнд тааруулж мэддэггүй ч мэддэг юм шиг жүжиглэж эхлэх сонголт гарч ирдэг.
Гадаадад магистр хийсэн монголчуудыг үндсэндээ яг дээрх янзаар гурав хувааж үзэх боломжтой.
Мэддэггүйгээ мэддэг, тэрийгээ ил тод хэлдэг Хүн шиг Хүмүүс.
Мэддэггүйгээ мэддэг, тэрийгээ нууж мэддэг мэт дүр үзүүлж, амьдрал нь жүжиг болж хувирсан Хүн Хогнууд.
Мэддэггүйгээ мэддэггүй буюу магистр дипломтой боловч бүүр үнэхээр юу ч сураагүй Хүн Малнууд.
Боловсролтой хүн гэж бол Дипломтой хүн биш. Би энийг маш олон жил тасралтгүй ярьж хэлсээр байна. Одоо дахиад хэлье. Боловсролтой хүн гэж бол Дипломтой хүн биш (Харвардыг жилд хичнээн новшнууд төгсдөг гэж бодож байна?!!), Олимпиадад түрүүлсэн хүн биш (маш том андуурдаг шүү энэ дээр), эсвэл Гадаад хэлээр ярьдаг хүн биш (АНУ-д 330 сая хүн англиар ярьж байгаа ба тэд нар бүгд боловсролтой хүмүүс биш байх тээ).
Боловсролтой хүн гэж өөрийн мэдэхгүй зүйлийг илээр хүлээн зөвшөөрдөг хүн юм. Боловсорсон хүн гэж хүнлэг хүн юм. Боловсорсон хүн гэж өрөвч хүн юм. Боловсорсон хүн гэж бусдад өгч чаддаг, бусдад тусалж чаддаг л хүн юм шүү дээ.
Товчхондоо Боловсрол гэдэг нь амьтнаас хүнд шилжих процесс буюу Хүн болох тухай асуудал юм. Бусад тоо, хэл, санхүү бүх ойлголтуудыг мэдлэгт хамааруулж болно.
Маш өндөр мэдлэгтэй гэмт хэрэгтэн байдаг уу. Байна. Маш өндөр мэдлэгтэй адгийн новш байж болох уу. Болно. Тэгэхээр бид УИХ-д өндөр мэдлэгтэй хүмүүсийг биш харин өндөр Боловсролтой хүмүүсийг сонгох ёстой юм.
Ингмэгц баахан хүн хогнууд шаагилдана.
Би хэлье. Өндөр боловсролтой хүмүүс өндөр мэдлэгийг маш амархан олж авдаг юм. Эртээд нэг УИХ-н гишүүн номын санд 10 жил сууж байж Эдийн засаг сурах ёстой гээд өөрөөрөө хэмжээд яриад байсан. Би хариуд нь 3 сарын дотор сурчихаар юмыг битгий өөрөөрөө хэмжиж хиймэл босго тогтоож, мэдлэгийг хүршгүй зүйл мэт буруугаар яриарай та гэж хэлсэн юм. Хөөрхий ойлгоо ч үгүй л дээ.
Хүн хогнууд, хүн малнууд мэдлэгийг олж авах гэж тарчилдаг. Яагаад? Эдний амьдралд хандах хандлага угаасаа буруу юм чинь мэдлэг өөрөө ч хүршгүй мэт хүнд хэцүү юм.
Хүн шиг хүнд мэдлэг их амархан, ойлгомжтой байдаг.
Буруу сэтгэлтэй хүн сайн дуучин болох уу. Бөхөд амжилт гаргах уу. Мэдлэг гэдэг чинь үүнтэй л ижил шүү дээ. Барилдаан, дуулах арга барил, тоо, санхүү, эдийн засаг бүгд л хүний мэдлэг юм.
Зөв сэтгэлтэй, чин сэтгэлтэй хүн ямар ч мэдлэгийг хялбар эзэмшдэг дээ.
Хүүхдүүддээ энийг онцгой анхаараарай та бүгд минь.