Цагийн 4 долларын цалинтай цэвэрлэгч эр Fotune 500 түвшний лаг компанийн хурлын танхимд орж ирэв.
Тэрээр гүйцэтгэх захирлын өөдөөс харан суув.
Надад нэг санаа байна гэж сандрангуй яриагаа эхэллээ.
Хэдхэн жилийн дараа түүний энэ санаа нь супер брэнд болохоос гадна түүнд 20 сая долларын хөрөнгийг бий болгосон юм.
Richard Montanez гэх залуу California мужид жижигхэн байранд гэр бүлийнхээ 14 гишүүнтэй бужигнаж, өсөн торнижээ.
Тэр сургуульд явахаасаа айдаг байж. Англиар маруухан ярьдаг тэрээр ээжийгээ сургуулийнх нь юмыг бэлдэх зуур уйлаад суудаг байв.
Багш нь ангийнхнаасаа мөрөөдлийг нь асуухад:
“Миний төрсөн газарт мөрөөдөл байгаагүй” гэж хариулж байжээ.
Тэр багадаа сургуулиасаа гарч ферм дээр ажиллаж гэр бүлдээ амьдралаа залгуулахад нь тусалж эхлэв.
Хэдэн жилийн дараа 1976 онд тэр хөршөөсөө Frito-Lay гэх чипс үйлдвэрлэгч компани шинэ үйлдвэрээ ойролцоо нээж байгааг сонсжээ.
Түүнийг ажлын эхний өдөртөө бэлдэж байтал өвөө нь өөрлүүгээ татан:
“Шал нь гялалзаж байгаа үгүйг дандаа шалгаж байгаарай. Бас Richard энэ шалыг угаасан юм шүү гэдгийг тэдэнд мэдэгдэж бай” гэж хэлжээ.
Richard өөртөө Frito-Lay үйлдвэрийн урьд өмнө харж байгаагүй хамгийн сайн цэвэрлэгч болно гэсэн зорилго тавьсан байв.
Тэр зав л олдвол компанийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, маркетингийн талаар сонирхон суралцаж, борлуулагчдаасаа борлуулалтыг нь хамт хөтлөх бас худалдаа хийхийг нь харж байхыг хүсжээ.
1980-аад оны дундуур Frito-Lay компани хэцүүдэж эхэлжээ. Компанийн гүйцэтгэх захирал 300 мянга гаруй ажилчдадаа “Эзэн шиг аашил” гэсэн шинэ санаачлага зарлажээ.
Энэ нь ажилчдаа илүү үр дүнтэй бүтээлч байлгах зорилготой байжээ.
Үүнийг сонссон Richard шууд л гүйцэтгэх захиралруугаа залгасан байна.
– Байна уу? Ноён Enrico-ийн офистой холбогдлоо. Хэн бэ?
– Намайг Richard Montañez гэдэг. California-гаас ярьж байна.
Захирал Richard-ийн саналыг дуртайяа хүлээн авч презентац бэлдээд хоёр долоо хоногийн дараа хүрээд ирээрэй гэв.
Баярлаж сандарсан Richard номын санруу гүйн маркетинг стратегийн ном шүүрэн авч бэлдэж эхлэв.
Хоёр долоо хоногийн дараа тэр хурлын танхимруу орлоо.
Тэр амьсгаагаа даран тайвширсныхаа дараагаар өөрт төрсөн санаагаа хуваалцав.
-Латин Америк гаралтай хүмүүст зориулсан хоолны бүтээгдэхүүн байхгүй байгаад би анзаарсан.
Richard борлуулалт хийж явахдаа Lays, Fritos, Ruffles, болон Cheetos чипснүүд Мексик халуун ногоотой бүтээгдэхүүнүүдийн хажуу тавиур дээр өрөөстэй байхыг хараад Frito-Lay компани ямарч халуун ногоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэдгүйг ухаарснаа ч хэлэв.
Латин Америкчуудын зах зээлд тэсрэлт хийх боломж байгааг тайлбарлаад, Мексикийн гудманд зардаг халуун ногоо түрхсэн эрдэнэ шишээс өөрийн санаагаа олсон гэдгээ мөн хэллээ.
Мөн тэр 100 ширхэг ууттай юм гаргаж ирэв. Үйлдвэрээс авсан Cheetos дээр өөрийн бэлтгэсэн халуун ногоог хийн сэгсэрч бэлтгэсэн байв.
Уут бүрийн амыг хувцасны индүүгээр лацдаж тодруулагчаар лого зуржээ.
Өрөө анир чимээгүй байлаа.
Хэсэг хормын дараа гүйцэтгэх захирал “Шалны модоо одоо хая! Чи бидэнтэй хамт явна шүү” гэв.
Flamin ’Hot Cheetos нь Frito-Lay-ийн түүхэн дэх хамгийн амжилттай нээлтүүдийн нэг болжээ.
Richard дэд ерөнхийлөгч болж 20 сая долларын хөрөнгөтэй болов.
Б.Идэр-Од