Өмгөөлөгч Ч.Энхээ жагсаал, цуглаантай холбоотой асуудал дээр өчигдөр өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр “Үнэхээр харамсал төрж байна аа. Уг нь маш их үр дүнд хүрч болохоор л байсан юм шүү дээ. Жагсаал, цуглааныг зохион байгуулж сураагүй, тэр мөртөө өмнө жагсаал цуглаан зохион байгуулж, амжилтад хүргэж байсан туршлагатай хүмүүсийг биш, хэзээ ямар жагсаал цуглаан зохион байгуулж, ямар үр дүнд хүргэж байсныг нь хэн ч үл мэдэх, нэр төр хөөцөлдсөн, зориудаар үймүүлэх зорилготой ирсэн золбин юмнуудын аманд багтаж, нэгдсэн зорилгогүй хийрхэн бужигнаснаас л ийм үр дүнд хүрлээ гэж л ойлгож байна.
Дашрамд хэлэхэд би жагсаал, суулт дээр хэд хэд очсон, дэмжиж байгаагаа илэрхийлж, утасныхаа дугаарыг өгч, асуух юм байвал асуугаарай, уулзаж ярих хэрэгтэй бол дуудаарай гэж хэлсэн, гэтэл өөдөөс сэжиглэсэн харцаар харж: -Та хаанаас яваа юм бэ, хэнийг төлөөлж байгаа юм бэ?- гэхээс өөр юм хэлээгүй, зарим нь ерөөс монгол хэл мэдэхгүй хүний дүр эсгэж байлаа, тэгээд ч над руу утасдаагүй, дуудаагүй өнгөрсөн. Уг нь энэ жагсаалыг бужигнуулсан, хагалсан, тараах гэсэн технолог нь их хуучин, Ардчиллын анхны цуглаан, хойших үйл явдлууд дээр ч илэрч байснаараа бидэнд их танил юм.
Цуглааныг үймүүлэх зорилготой хүмүүс ирнэ гэдгийг, согтуу хөлчүү хүмүүсийг турхирна гэдгийг, бидний нэр хүндийг унагаах янз бүрийн явуулга хийнэ гэдгийг бид мэдэж байсан, тиймээс урьдчилан хамгаалах арга хэмжээг сайн зохион байгуулж, гол анхаарлаа үүнд чиглүүлж байсан. Анхны цуглаан дээр хэдэн согтуу залуус ирж, цугларсан хүмүүсийн дунд янз бүрийн юм ярьж, тэр бүү хэл хошоод нь үг хэлнэ гэж гэмгүй царайлан зүтгээд байхаар нь бид ухамсрын чанартай ганц нэг юм амсуулж, холдуулж байсан түүх ч бий. Тэр үед “Энэ Ардчилсан холбооныхон гэдэг чинь дандаа мэдрэлийн өвчтэй, шизо-той хүмүүс, дандаа л манай Шар хадны эмнэлэгт байнга хэвтдэг танил хүмүүс байна” гэж Шар хадны сэтгэцийн эмнэлгийн сувилагч гэх нэг хүний хэлснийг сонин хэвлэлүүд уухайлан нийтэлж байсныг олон хүн санаж байгаа байх.
“Архичин, хулгайч, эрүүгийн гэмт хэрэгтнүүд” гэх бол наад зах л байсан даа. Бид тэвчээр зааж, эхнээсээ ярьж тохирсон зарчмаа анхны болон дараа дараагийн цуглаанд яс барьж чадсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж боддог. Бидний дотор ч олон янзын үзэл бодол байсан, зарим нь ерөөс МАХН-д өөрчлөн байгуулалтыг хийхэд туслах, өөрчлөн байгуулалтыг түргэтгэхийг гол зорилгоо болгоно гэж байхад зарим нь одоо шууд жагсаж очоод МАХН-ыг даруйхан хөөн тараая ч гэдэг байсан. Гэхдээ бид ярилцаж байгаад гол зорилго, тактикаа тодорхойлсны дараа үүнийг хэн ч дураараа зөрчиж болохгүй гэдэг хатуу ам бүгдээс нь авсны хүчинд үнэхээр ялалтад хүртэл хугацаанд бүгд нэг л гол зорилгодоо захирагдаж чадсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн биз.
Энэ бол аль 90-ээд он. Гэтэл тэрнээс хойш ямар ч дэг журамгүй, нэгдсэн зорилгоо тодорхойлж чадаагүй хүмүүс, өмнөх туршлагыг судлалгүйгээр, олон хүн л цуглуулж чадвал ялчихдаг юм байна гэсэн өнгөцхөн ойлголтоор жагсаал, цуглаан, суулт зохион байгуулдаг болсноос хий баахан бухимдсан хүмүүс цуглаж хашгичиж байгаад, ямар ч үр дүнгүй замхардаг болсны нэг жишээ нь сая харагдах шиг.
Харин ч эрх баригчдын арга улам нарийсч, нөгөө “бүгдээрээ мэдрэлийн өвчтэй, архичид, эрүүгийн гэмт хэрэгтнүүд” гэж зарлах мэтийн бүдүүн хадуун аргын оронд аливаа жагсаал, цуглааныг самрах шинэ, илүү үр дүнтэй аргуудыг хэрэглэдэг болж. Тухайлбал, биднийг мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хэлэх санаа тэр үед толгойд нь хараахан орж байгаагүй асан, гэтэл энэ аргыг одоо аливаа жагсаал цуглааны ач холбогдлыг унагаахад өргөн хэрэглэдэг болж. Ийм аргыг анх удаа хэрэглэж байгаа биш учраас жагсаал зохион байгуулагчид үүнд бэлтгэлтэй байж, эсрэг аргыг олох боломж байсан, гэвч нэг их ач холбогдол өгсөнгүй.
Харин ч иргэдийн дэмжлэгт хөл алдаж, тавьж байгаа шаардлага нь байн байн гуйвж, энд тэндээс самарсан, эрээвэр хураавар шинжийг улмаар олсон. Үүнээс болоод уухайлан дэмжиж байсан хүмүүсийн олонхи нь үнэн худлыг нь ялгахаа больж, нийтдээ өдөр өдрөөр эрчим нь суларч байгаа нь нүдэн дээр ил байсан шүү дээ. Харамсаж байна. Ялалтад хүрч 70 жил тогтсон тогтолцоог нураасан анхны цуглаанаас хойш өөр ямар цуглаан ийм их дэмжлэг хүлээж, ийм их итгэл найдварыг дагуулсан юм бэ?
Гэтэл үүнийгээ өөрсдөө л гараараа нураачихлаа даа, одоо эрх баригчид руу буруугаа чихээд хэрэггүй байх аа, тэд хэтээсээ л иймэрхүү жагсаал , цуглааныг юу ч биш болгохын тулд бүхнийг хийнэ гэдэгт эргэлзэх зүйл байсан гэж үү? Гэхдээ ямар ч үр дүнгүй тарсан гэж бодохгүй байна, ямар ч гэсэн эрх баригчдад том сануулга боллоо. Нийгэмд хуримталсан ужиг асуудалд ард түмний анхаарлыг хандуулж чадлаа. Хулгайчдын нуруугаар энэ хэд хоногт хүйт дааж, ихэнх нь нойргүй хонож байсан гэдэгт эргэлзэх юм алга, энэ айдас нэг хэсэгтээ арилахгүй нь мэдээж” гэжээ.
1 comment
Ааш муутай жагсаалын суултныхан
Яг л хужаа шиг ааштай юм билээ