Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол (2022.12.21) Төрийн ордонд боллоо.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд “нүүрсний хулгай” гэх асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, олон нийтийн хяналтад оруулах замаар үр дүнд хүрэх шаардлагатай гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нарын 9 гишүүнээс “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудал”-аар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг 2022 оны арван хоёрдугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 18 дугаар тогтоолоороо ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг томилсон. Мөн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах бэлтгэл хангах, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамжаар байгуулсан.
Энэ удаагийн ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл авах зорилгоор төрийн 18 байгууллагын удирдлага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа төрийн өмчит 4 компани, хувийн өмчит 16 компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг сонсголд оролцуулахаар мэдэгдэл хүргүүлж дуудсан бөгөөд энэ дагуу 107 албан тушаалтан сонсголд оролцохоо мэдэгдсэн байна.
Ерөнхий хяналтын сонсгол явуулах сэдэв, сонсголын тов, оролцогчдын бүртгэлийн үйл ажиллагааны талаар 14 хоногийн турш олон нийтэд мэдээлсэн. Энэ хугацаанд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөлөл болох 225 хүн ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Түүнчлэн сонсголын үйл ажиллагааг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн 17 байгууллага хүсэлтээ ирүүлжээ. Парламентын сэтгүүлчид мөн сонсголын үйл ажиллагааг нээлттэйгээр сурвалжилж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн, ерөнхий хяналтын сонсгол даргалагч С.Чинзориг дэгийг танилцуулсан бөгөөд оролцогчдын хүсэлтийн дагуу тодорхой өөрчлөлт орууллаа. Ийнхүү ерөнхий хяналтын сонсгол эхэлж, дөрвөн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас бэлтгэсэн үндсэн зургаан илтгэл, мэдээллийг сонсов.
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээлэл
Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээлэл”-ийг танилцууллаа.
Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувийг нь 2011 оноос өдийг хүртэл экспортолсон гэдэг тоон мэдээллийг Сангийн сайд танилцуулав. Нийт экспортолсон нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг 8 компани дангаараа экспортолсон гэлээ.
336 сая тонн нүүрс экспортлоод энэ хугацаанд нийтдээ 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүний 43.5 их наяд төгрөгийг буюу 95 хувийг нь 2011 оноос одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд олсон гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Дээрх борлуулалтын орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ. Нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77 компани, нүүрс экспортолдог дамжуулдаг 372 компани санхүүгийн тайлан өгдөг байна.
Нүүрсний экспорттой холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулж, голлох таван төрлийн зөрчлийг онцолсон. Нэгдүгээрт, нүүрс ашиглах, тээвэрлэхтэй холбоотой орлого нуун дарагдуулах, дутуу тайлагнаж, төлөх зэрэг зөрчил гаргадаг байна. Хоёрдугаарт, оффтэйк ба бусад гэрээгээр үндэслэлгүй үнийн хөнгөлөлт үзүүлж, хямд үнээр гэрээ хийх зэргээр төрийн өмчит аж ахуйн нэгжийг хохироох зөрчил байсныг танилцуулсан. Удаад нь хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй, эсхүл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, тоо хэмжээ зөрөх; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн нүүрсний мөргөцөг буюу 340 мянган тонн нүүрсийг зөвшөөрөлгүй авч ашиглан хохирол учруулсан; хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүд санхүүжүүлэх зэргээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироох гэсэн таван бүлгээр ангилж, зөрчлүүдийг шалгаж байгааг мэдээлсэн. Мөн тэрбээр нүүрсний аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын хяналт шалгалтын талаар мэдээлэл танилцуулав. 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн татварын шалгалт хийж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвартай холбоотой нийт хяналт шалгалтын талаарх мэдээллийг танилцуулав. 2018-2022 оны хооронд нийт 267 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 80 тэрбум төгрөгийн акт тавьсан бол одоо 18 аж ахуйн нэгжид шалгалт хийж байгаа гэлээ.
Б.Жавхлан сайд үргэлжлүүлэн АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-тэй холбоотой зөрчил, оффтейк болон бусад гэрээний талаарх тоон мэдээллийг танилцуулав.
Мөн гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, тэдгээртэй холбоотой тоон мэдээллүүдийг танилцуулсан. Гаалийн байгууллага 2013-2018 онд хийсэн дотоод хяналт шалгалтынхаа явцад гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1 сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтайгаар “ачаагүй” гэсэн бүртгэлтэй гарсан зөрчлийг илрүүлсэн байна. 3785 тээврийн хэрэгслээр нийтдээ 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй, өөрөөр хэлбэл экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй зөрчлийг мөн илрүүлээд байгаа аж. Эдгээрийг илрүүлээд хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгааг Сангийн сайд илтгэлийнхээ үеэр онцолсон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас “Тавантолгой” ХК зөвшөөрөлгүйгээр 340.092 тонн нүүрсийг олборлож, ашигласан нь тогтоогдсон бөгөөд дээрх компаниуд энэ дүнг харилцан хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт 69.4 мянган тонн нүүрсийг буцааж өгсөн бол 270.6 мянган тонн нүүрсний авлагатай байгаа гэв.
Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын гаргасан тооцоололд тайлбар өгсөн юм.
Улс хоорондын тээврийн “C” зөвшөөрөл олголт, гаалиар болон хилийн боомтоор нүүрс нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл
Ерөнхий хяналтын сонсголын хоёр дахь илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улс хоорондын тээврийн “C” зөвшөөрөл олголт, гаалиар болон хилийн боомтоор нүүрс нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл” сэдвээр танилцууллаа.
Монгол Улс, БНХАУ-тай 1991 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийг байгуулж, 2011 онд шинэчлэн баталсан. Энэхүү хэлэлцээрт хэлэлцэн тохирогч талууд нөгөө талынхаа нутаг дэвсгэрт нэвтрэх тээврийн хэрэгсэлд нөгөө талаас өгсөн зөвшөөрлийн бичиг олгон хил нэвтрүүлэх зохицуулалт тусгагдсан бөгөөд БНХАУ-тай зорчигчийн байнгын тээвэр буюу “А” төрөл (тухайн жилдээ хүчинтэй), байнгын бус зорчигч тээвэр буюу “B” төрөл (нэг удаагийн), байнгын ачаа тээврийн буюу “C” төрөл (3 сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх), түр хугацааны ачаа тээвэр буюу “D” (нэг удаагийн), овор ихтэй ачаа тээврийн буюу “E” төрөл (нэг удаа), аюултай ачаа тээврийн буюу “F” төрөл (нэг удаагийн), зорчигчийн тогтмол тээврийн автобусыг дагаж тээш тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог “A-C” гэсэн долоон төрлийн зөвшөөрлийн бичгийг солилцож, ашиглаж байгаа юм байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын дагуу хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олголтыг 2013 оноос өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар (хуучнаар) хариуцан ажиллаж байгаад уг агентлаг татан буугдсанаас хойш “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Протоколын дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон ШУӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимуудтай жил бүр уулзалт зохион байгуулж, харилцан тээвэрлэлт хийх, зорчих зөвшөөрлийн бичгийн тоог тохирч харилцан тэнцүү хэмжээгээр солилцдог байна. Энэ хүрээнд Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган зэрэг боомтууд дээр 2020 онд 39500, 2021 он 38000, 2022 онд 38000 байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгожээ. 2020 онд олгосон “С” зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байна. Ирэх он буюу 2023 оны байдлаар байнгын ачаа тээврийн “С” төрлийн 50.000 зөвшөөрлийн бичиг олгохоор талууд тохирсон бөгөөд энэ нь өмнөх онуудынхаас илүү байгаа гэв.
Монгол Улсын Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гаргасан. Үүний өмнө цар тахлаас улбаатай хөл хорионы үед тээвэрлэлтийг эрсдэлгүй зохион байгуулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан гэдгийг С.Бямбацогт сайд дурдав.
Байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрөл олгохдоо “Автотээврийн үндэсний төв” бичилт хийж, Боомтын үндэсний зөвлөл олгодог гэдгийг хэллээ. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор дээрх төрлийн зөвшөөрөл олгох зохион байгуулалтыг өөрчилж, олборлолт хийдэг компаниуд олгохоор болсон байна.
“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар нь тээврийн нэгдсэн системийг бий болгож, энэ хүрээндээ зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод болгосон байна. Тус системд одоогийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай боомтуудад үйл ажиллагаа явуулж буй 500 орчим аж ахуйн нэгжийн 27900 гаруй тээврийн хэрэгсэл, 26400 орчим мэргэшсэн жолооч бүртгэлтэй байгаа гэв. Үүнээс Гашуунсухайт боомтод 320 орчим аж ахуйн нэгжийн 21600 орчим тээврийн хэрэгсэл, 22000 мэргэшсэн жолооч ажиллаж байгаа. Эдгээр нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэр хийж байгаа “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 65 хувь, нийт тээврийн хэрэгслийн 77 хувь, нийт мэргэшсэн жолооч нарын 84 хувийг эзэлж байгаа юм байна.
Үргэлжлүүлэн С.Бямбацогт сайд 2018-2022 оны байдлаар хилийн боомтуудаар гарсан тээврийн хэрэгслийн тоог танилцуулав. Гашуунсухайт боомтоор 2018 онд 261.732 тээврийн хэрэгсэл, 2019 онд 258.658 тээврийн хэрэгсэл, 2020 онд 167159 тээврийн хэрэгсэл, 2021 онд 78903 тээврийн хэрэгсэл, 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар 62652 тээврийн хэрэгсэл нэвтэрч, нүүрс гаргасан гэдэг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн байна. Үндэсний статистикийн мэдээлэл болон бусад мэдээллүүдээс харахад нүүрс тээвэрлэлт тасралтгүй өсөж байгаа гээд “2003 онд 400 орчим мянган тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 2010 оноос 16 сая тонн болж өссөн, 2016 оноос нэмэгдэж одоо 24 сая тонн, 2018-2019 онд 32-33 сая тонн нүүрс тээвэрлэж, экспортолж байсан” гэв.
Ийнхүү Ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагаа үргэлжилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Таван толгой” ХК-тай холбоотой нууцаас ил болсон долоон гэрээний талаарх мэдээллийг танилцуулж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.