Нүүрс бол түгээмэл тархацтай ашигт малтмал. Өнөөгийн байдлаар дэлхий нийтээр тогтоогдсон нийт нүүрсний нөөцийн хэмжээ 1,054.7 тэрбум тн, үүнээс 70 хувь нь эрчим хүчний нүүрс, 30 орчим хувь нь коксжих буюу subbitium төрлийн нүүрсний нөөц байна гэж олон улсын геологийн байгууллага, нүүрсний холбоод үзэж байна.
Тогтоогдсон нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлж буй 15 улсыг хавсралтад үзүүлэв. Үүнээс үзвэл:
– АНУ-ын нөөц 254.2 тэрбум тн,
– ОХУ-ын нөөц 176.7 тэрбум тн,
– Австралийн нөөц 159.6 тэрбум тн,
– БНХАУ-ын нөөц 149.8 тэрбум тн,
– Энэтхэгийн нөөц 107.7 тэрбум тн байна.
Тогтоогдоод буй нүүрсний нийт нөөцийн хэмжээгээр Монгол улс 23-рт бичигдэж, дэлхийн нийт нөөцийн 0.2 хувийг л эзэлж байна.
Манай улсын нүүрсний экспортын гол өрсөлдөгч болж байгаа ОХУ-ын зарим нүүрсний ордын нөөцийг авч үзвэл:
– Тувагийн Улуг Хемскийн орд газар 14.2 тэрбум тн нүүрс,
– Якутын Эльгийнскийн орд газар 2011 онд тогтоосон нөөц 2.2 тэрбум тн,
– Тувагийн Межегейскийн орд газрын коксжих нүүрсний нөөцийг 700.0 сая тн гэж тогтоожээ.
Бидэнд дэлхийн ховор, байхгүй нөөц баялаг байгаа юм биш, байгаа нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэсэн ухаалаг бодлого, стратеги хэрэгтэй гэдэг нь харагдаж байна!
Эдийн засагч Н.Энхбаяр