Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд Монгол сарлагийн үүлдэр, ашиг шимийг сурталчилсан “Монгол сарлаг” фестиваль хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Фестивалийг сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох зорилгоор зохион байгуулсан байна.
Арга хэмжээнд 14 аймгийн 30 гаруй сумын малчид оролцсон байна. Энэ үеэр сайхан сарлаг, ганган сарлаг, саглагт ээлтэй малчин, саглагар сагсаахай, шимт идээ, арвин баялаг, уран сарлаг, сарлаг бугуйлдах, булгиулах, уралдуулах гэсэн уралдаан тэмцээнүүд болж, цагаан идээ, үхрийн хөөврөн бүтээлүүдийн үзэсгэлэн гарчээ. Наадмыг сонирхон гадна дотны олон аялагч ирсэн байлаа. Зарим хүмүүс “Аймаг сумын наадмаас ч илүү сайхан, үзэж харах юм ихтэй сайхан наадам болж байна” хэмээн ярьцгааж байлаа.