Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-аас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д, “Зун мин” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, “Эм би Эм” ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Улмаар шүүхээс өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 16-наас хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.