Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дүгээр 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг тус тус явуулсан.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг онцлоод Байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 1, 2 дахь хэсгийг нэгтгэн “1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтын 1 дэх хэсгийн “хууль ёсны болох нь” гэснийг “үндэслэлгүй болох нь” гэж өөрчилж, төсөлд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэсэн агуулгатай Тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо энэ өдөр дахин хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан тул чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувь нь дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгосон.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 95.7 хувь нь дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийт нийгэм даяараа төлдөг. Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна. Өнөөдрийн баталсан энэ хууль авлигатай тэмцэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Мөн энэ хуулиар, халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа. Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон үүн дээр нэмээд хамгийн их хардлага дагуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болсон. Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болсныг тодотгож байлаа.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрч байна гэх явдал байсан. Хуулийн ийм зөрчлийг шийдвэрлэснийг тодотгоод, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай болсныг онцлон тэмдэглэлээ