Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна.
Засгийн газрын шийдвэрээр энэ оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон.
Тэрбээр өнөөдрийн хуралдааны үеэр “Засгийн газраас нүүрсээр төлбөр барагдуулах асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Уулын ажлын төлбөрийг хөнгөлөлттэй үнээр тооцож, нүүрсээр төлбөрийг нь барагдуулдаг нийт зургаан гэрээ байсан. Үүнтэй холбоотойгоор нүүрсээр төлбөр барагдуулах нөхцөлийг аравдугаар сарын 26-ний өдрөөс зогсоосон. Мөнгөн хэлбэрээр ажлын гүйцэтгэлийг хянах нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэ хүрээнд Баруун, Зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний хүрээнд 2022 онд нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн байна. 7-10 хувийн хөнгөлөлттэй үнийн нүүрсээр төлбөр барагдуулсан байгаа юм. Тооцоод үзэхээр 31.1 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани олох боломжоо алдсан гэж үзсэн. Улмаар нүүрсээр төлбөр барагдуулах асуудлыг зогсоосон” гэдгийг хэлэв.