Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг зарласан. Үүний дотор Ерөнхийлөгч асны Тамгын газрын дарга асан н.Шижирийн нэр байсан юм. Энэхүү асуудалтай холбоотойгоор Ө.Шижир цахим хуудсаараа дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр “Заа нүүрсчин болоодох лоо.
Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.
Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.
Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.
Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү…
Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.
Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна.
Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна.
Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ” гэв.