Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтлоо.
Нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо. 166 гэрчийн нэрсийг энд дарж үзнэ үү.
Тогтоолын гуравдугаар заалтаар тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийхийг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт зөвшөөрөв.
Мөн Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагчийн ажлын хөлс болон шинжээчийн төлбөрийн хэмжээг баталлаа. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Батцэнгэлийн Мөнх-Оршихыг шинжээчийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, Чулууны Амарбаясгалан, Очирхуягийн Мөнхбат нарыг уг бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилов.
Хуралдааны төгсгөлд, Түр хорооны хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох материал, баримт сэлтийг цаг тухайд нь бүрэн гүйцэд гаргаж өгч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарт чиглэл болголоо.
Хуралдааны эхэнд түр хорооны дарга Б.Энхбаяр “Өчигдөр бид улс төрд нөлөө бүхий болон хууль хяналтын байгууллагуудын хамаарал бүхий хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлээс газраас авсан. Нийт 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 гаруй материал авсан. Энэ материалуудыг нь бүгдийг нь Хөгжлийн банкнаас зээл авсан, дамжуулан зээл авсан хуулийн этгээдүүдтэй нэг бүрчлэн хянан шалгах ажиллагаа хийгдэнэ. Тэгэхээр ажил нэлээн цар хүрээтэй үргэлжилнэ. Мөн хүч хүрэхгүй байгаа учир хоёр шинжээч нэмж оруулах асуудлыг ярина. Өмнө нь огт ороогүй дамжуулан зээлтэй холбоотой 2000 гаруй асуудал байна. Үүнийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй” гэсэн юм.