Ирэх жил дэлхийн эдийн засагт хямрал болох хэд хэдэн шинж тэмдэг илэрч байна. Эдийн засгийн хямрал гэдэг нь товчхондоо гурав болон түүнээс дээш улирал дараалан эдийн засаг буурах үзэгдэл, өөрөөр хэлбэл ДНБ гурван улирал дараалан буурахад иргэдийн худалдан авах чадвар унаж, ажлын байр хомсдож, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, үйлдвэрлэлийн гарц буурах, иргэн, аж ахуй нэгжүүд зээлээ төлж чадахгүйд хүрэх гэх зэрэг иргэдийн амьдралд бодиттой мэдрэгдэх үзэгдэл гэж ойлгож болно.
Дэлхийн банк, ОУВС-аас жил болгон хоёр удаа олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн статистик мэдээ, мэдээлэлд суурилж дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар таамаглал гаргадаг. Энэ оны эхний хагаст гаргасан таамаглалдаа ирэх жилийн дэлхийн эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж байсан. Гэсэн хэдий ч 10 дугаар сард ОУВС-аас 2023 оны улс орнуудын эдийн засгийн өсөлтийг 2022 оны эхний хагаст таамаглаж байсан хүлээлтээс доогуур үнэлжээ. Учир нь БНХАУ-ын “Тэг ковид бодлого”, Орос Украины зэвсэгт мөргөлдөөн, Европын эрчим хүчний түүхий эдийн хямрал, инфляц зэрэг таамаглаагүй олон шалтгаанаас үүдэж дэлхийн эдийн засагт хямрал болох эрсдэл үүсээд байна. Энэхүү судалгаагаар Дэлхийн банк, ОУВС 2023 оны бүс нутаг, их гүрнүүдийн эдийн засгийг хэрхэн таамаглаж байгаад үндэслэн эдийн засгийн хямралд болох ямар шинж тэмдэг илэрч байгааг тодорхойлохыг оролдох болно.
Дэлхийн банкны 10 дугаар сард гарсан Зүүн, Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн таамаглал:
- 2023 онд Дэлхийн эдийн засгийн өсөлттэй бүс нутаг нь Зүүн өмнөд Азийн орнууд байна. Үүнд: БНХАУ 4.5, Индонези 5.1, Филиппин 5.8, Вьетнам 6.7, Монгол 5.5 хувиар тус тус эдийн засаг өснө гэв[1]
- Уг бүс нутагт эдийн засгийн өсөлт эерэг байгаа шалтгаан нь БНХАУ-ын “Тэг ковид бодлого” 2023 оноос зогсоно гэсэн таамаглал гаргасантай холбоотой юм.
- Индонези, Вьетнам, Филиппин, Тайланд гэх мэт хүн ам ихтэй хөдөлмөрийн хөлс доогуур орнууд руу олон улсын компаниуд болон өрнөдийн орнуудаас хөрөнгө оруулалт 2022 онд орж ирсэн. Үүнээс гадна дээр дурдсан орнууд руу Хятадад үйл ажиллагаагаа явуулж байсан өрнөдийн компаниуд 2021-2022 онд үйлдвэрлэлүүдээ нүүлгэж хэлсэн. Энэ нүүдэл нь 2023 онд эдийн засаг өсөлттэй байхад гол нөлөөлнө гэж тайланд дурдсан байна.
- Мөн Зүүн өмнөд Азийн орнууд ковидын хатуу хөл хорио суларсантай холбоотойгоор жуулчны тоо 2023 онд эрс өсөх эерэг хүлээлт байна. Тайланд, Филиппин, Индонези зэрэг орнуудын аялал жуулчлал 2019 оны түвшинд хүрэх боломжтой гэсэн төлөвийг тайландаа дурджээ.
- Улс орнуудын инфляц өмнөх жилүүдээс өндөр гарсан ч уг бүс нутагт 10-аас доош байгаа нь нийлүүлэлтэд тулгуурласан инфляц үүсээгүйтэй шууд холбоотой юм. Тус бүс нутагт 1000 гаруй аж ахуй нэгж 2021-2022 онд үйлдвэрээ байгуулсан байна. Энэ нь бүс нутагт дотоодын аж үйлдвэрлэл сэргэх шалгаан болж өгсөн.
- Уг бүс нутагт тулгарч буй эдийн засгийн сорилт нь өрийн асуудал байна.
- 2023 онд Зүүн өмнөд Азийн орнуудад экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж өндөр байна. Гэвч байгаль цаг уур, дотоод улс төрийн нөхцөл байдал бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 9 дүгээр сард гаргасан тайланд:[2]
- Дэлхийн эдийн засаг 2023 онд удааширч 2.2 хувиар өснө. Саудын Араб 6, Энэтхэг 5.7, Индонези 4.8, БНХАУ 4.7, Турк 3 хувиар тус тус өсөх бол ОХУ 4.5, Герман 0.7 хувиар тус тус буурах таамаглалтай байна.
- Улс орнуудын инфляц ирэх жил хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэж төдийлөн буурахгүй байх магадлалтай байна. 2023 онд Европын холбоо, АНУ, Их Британи зэрэг өрнөдийн орнуудын инфляц 4 хувиас дээш байх бол Азийн орнууд тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Энэтхэг зэрэг орнуудын инфляц 0-4 хувийн хооронд байх магадлал өндөр байна.
- Европын орнуудад энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн болох эрсдэл байна. Хүйтэн болсон тохиолдолд Европын холбооны нөөцөлсөн хий 1 дүгээр сарын эхэнд дуусах эрсдэлтэй. Энэ эрсдэл бодит болсон үед Европын холбооны инфляц 4 сар хүртэл хоёр оронтой тооноос буухгүй байх магадлалтай.
- Европын холбоо, Их Британи, АНУ зэрэг орнуудад эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц буурахгүй байна. Энэ нөхцөл байдал нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд шууд сөргөөр нөлөөлж байна.
- 2023 онд эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлт хэвээр үргэлжилж, Евро бүсийн улс орнуудад Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс болж эдийн засаг нь удаашрахаар байна.
ОУВС-ийн 10 дугаар сард гаргасан тайланд:[3]
- ОУВС-аас гаргасан хамгийн муу хувилбараар Дэлхийн эдийн засаг 2022 онд 0.4 хувиар, 2023 онд 0.9 хувиар тус тус агших төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг агшихад суурь нөлөөлөл нь инфляцын өсөлт, Орос Украины зэвсэгт мөргөлдөөн болж байна.
- Инфляцтай тэмцэхийн тулд улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлж, мөнгөний хатуу бодлого баримталж байна. 2023 оноос хөгжингүй улс орнуудын инфляц нэг оронтой тоонд байх таамаглал байна.
- Хөгжингүй орнуудын эдийн засаг 2022 оны 4 дүгээр улиралд өсөхгүй байх төлөвтэй байна. 2022 оны хоёр дугаар хагасаас эхэлж АНУ-ын эдийн засаг 0.7 хувиас буурч магадгүй. Тус улсын эдийн засаг буурч буй шалтгааныг хөгжингүй орнуудын эдийн засагтай шууд холбоотой гэж дүгнэж болно. Хөгжингүй орнууд болох АНУ, Европын холбоо, Их Британи зэрэг орнуудын эдийн засаг нь хэрэглээ үйлчилгээнд суурилдаг. Хөгжингүй орнуудын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, зээлийн хүүгийн түвшин өндөр болж, өрхийн зарлага буурч байгаа нь хэрэглээ үйлчилгээнд суурилсан эдийн засагт сөргөөр нөлөөлж буй.
- Евро бүсийн эдийн засаг 2022 онд АНУ-ынхаас арай дээр буюу 3.1 хувиар өсөх магадлалтай байгаа. Гэсэн хэдий ч 2023 онд уг бүс нутагт эдийн засаг 0.5 хувьтай байна гэж төсөөлжээ. 2022 оны Европын холбооны орнуудын эдийн засаг хоёр дугаар хагаст төсөөлж байснаас өндөр гарч байна. Шалтгаан нь Итали, Испанид зэрэг аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлтэй орнуудад ажлын байр нэмэгдэж, орлого өссөн нь шууд нөлөөлсөн. Харин Европ даяар 2023 оны өсөлт сул байх таамаглал байгаа нь Орос Украины зэвсэгт мөргөлдөөнтэй шууд холбоотой бөгөөд дүрвэгсдийн асуудал, байгалийн хийн нийлүүлэлт, АНУ-аас худалдан авч буй өндөр өртөгтэй шингэрүүлсэн байгалийн хий зэрэгтэй холбоотой юм. Мөн Европын төв банк гишүүн орнуудын засгийн газрын бонд худалдан авалтаа зогсоож, бодлогын хүүгээ хурдацтай өсгөсөн нь 2023 онд Европын холбооны орнуудын эдийн засаг удаашрах нөхцөл болох юм.
- Их Британид ч эдийн засаг удаашрах төлөвтэй байна. Их Британийн эдийн засаг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 0.3 хувиар өсөхөөр байна. Тус улсад инфляц өсөж, 10 дугаар сарын байдлаар 10.7 хувьд хүрсэн нь 1980 оноос хойших хамгийн өндөр өсөлт юм. Их Британийн Төв банкнаас инфляцыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого нь бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.
- Японы эдийн засаг 2022 онд 1.7, 2023 онд 1.6 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Японд эрчим хүчний импортын үнийн өсөлт эдийн засагт нь сөрөг нөлөөлөх бөгөөд 10 дугаар сарын байдлаар инфляц 3.6 хувиар өсөж, сүүлийн 40 жилийн дээд хэмжээндээ хүрээд байна. Уг инфляцын өсөлт иргэдийн цалингийн өсөлтөөс давж, худалдан авах чадвар, хэрэглээ буурахад нөлөөлж байна.
ОУВС-ийн гаргасан хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн таамаглал:
АНУ, Европ болон бусад хөгжингүй орнуудын эдийн засаг инфляцаас үүдэж удааширч байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг 2022 онд 3.7 хувиар буурахад нөлөөлж байна. 2023 онд ч гэсэн хөгжиж буй орнуудын эдийн засаг 3 орчим хувиар өсөх төлөвтэй байна.
Хөгжиж буй Азийн орнуудын эдийн засаг 2021 онд 7.2 хувиар өссөн бол 2022 онд 4.4 хувь, 2023 онд 4.9 хувиар тус тус өсөх хүлээлт байна. Азийн хөгжиж буй орнуудаас БНХАУ-ын эдийн засаг 2022 онд 3.2 хувиар өсөх төлөвтэй бөгөөд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд дахь хамгийн бага өсөлт болж байна. БНАХУ-ын эдийн засаг 2023 онд 4.4 хувиар өсөх хүлээлттэй байна. БНХАУ-ын эрх баригчид Тэг ковид бодлогыг үе шаттай 2023 онд бууруулах магадлалтай. БНХАУ-ын эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал хурдацтай явагдаж байгаа. Мөн тус улсын зарим орон нутагт хатуу хөл хорио одоо хүртэл үргэлжилж байгаа нь эдийн засагт сөрөг үр дагавар авчирч байна.
Энэтхэг улсын эдийн засаг 2022 онд 6.8 хувиар өсөх эерэг төлөвтэй байна. 2023 онд тус улсын эдийн засаг 6.1 хувиар өсөх хандлагатай байна.
АСЕАН-ы орнуудын эдийн засаг 2023 онд хэд хэдэн сорилттой тулгарахаар байна. Үүнд: 1.БНХАУ-ын “Тэг ковид бодлого”, 2.Евро бүс, АНУ зэрэг хөгжингүй орнуудын гадаад худалдаа буурах, 3.Хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэж өрхийн худалдан авах чадвар сулрах, 4.Дэлхийн 90 гаруй орны төв банкууд инфляцын эсрэг мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь АСЕАН болон бусад хөгжиж буй орнууд руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж байна.
Евро бүсийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 0.0 хувь, 2023 онд 0.6 хувиар өсөх төлөв байна. Хамгийн буурай өсөлтийг Украин үзүүлэх бөгөөд 2022 онд 35 хувиар буурна гэж таамаглаж байна.
Оросын хувьд 2022 онд 3.4 хувь, 2023 онд 2.3 хувиар тус тус буурахаар байна. Оросын эрх баригчид газрын тосны экспортоо тогтвортой байлгаж, төв банк нь мөнгөний хатуу бодлого баримталж рублийн ханшийг алттай холбосон, мөн иргэдийнх нь худалдан авах чадавх сулраагүй нь олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын төсөөлж байснаас бага уналтыг үзүүлээд байна.
Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засаг 2022 онд 3.5 хувь, 2023 онд 1.7 хувиар өсөх төлөвтэй байна. Уг бүс нутагт түүхий эдийн үнэ тогтвортой, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд эрсдэл бага байгаа зэрэг нь таамаглалаас илүү үр дүнтэй өсөлт үзүүлэхээр байна. Гэсэн хэдий ч 2022 оны сүүлээс эхлээд түүхий эдийн үнэ буурч, түүхий эдийн гол худалдан авагч орнуудын эдийн засаг удаашрах төлөв нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засагт сөрөг үр дагавар авчрах юм.
Ойрх Дорнод болон Төв Азийн эдийн засаг 2022 онд 5 хувиар өсөх төлөвтэй байна. 2023 онд газрын тосны үнэ буурч, дэлхийн эдийн засаг удаашрах, Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө дуусах болоогүй байгаа нь тус бүс нутгийн эдийн засаг 3.6 хувиар өсөхөд нөлөөлж байна.
Дэлхийн эдийн засаг хямрахад нөлөөлж буй эрсдэл:
Орос Украины зэвсэгт мөргөлдөөн, инфляцын өсөлтөөс үүдсэн өрхийн худалдан авах чадвар буурч, улс орнуудын эдийн засагт эрсдэл учруулж байна.
Дэлхийн тэргүүлэх гурван эдийн засаг болох АНУ, Европын холбоо, Хятадын эдийн засаг 2023 оноос удаашрах эрсдэлтэй байна.
2023 оноос дэлхийн эдийн засаг удаашрах төлөв нь өрхийн амьжиргааны түвшинд шууд нөлөөлж, өрхийн хэрэглээндээ зориулах зардал буурах нь тодорхой байна. Өрхийн хэрэглээ хумигдах нь иргэдийн бухимдалд хүргэх бөгөөд эрх барьж буй засгийн газарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Европ дахь хийн үнэ 2021 оноос хойш 4 дахин өсөж, 2022 оны сүүлээс эрчим хүчний хомсдолд орох, өвлийг давахад хүндрэх зэрэг эрсдэл нь дэлхийн эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож байна.
Орос Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж үр тарианы нийлүүлэлт буурч, бага орлоготой улс орнуудын өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад ноцтой хүндрэл учрах бөгөөд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр үнийн өсөлт үүсэх эрсдэлтэй байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний хатуу бодлого баримталж инфляцтай тэмцэж байгаа. Ам.доллар бусад валютын эсрэг дунджаар 5-30 орчим хувиар чангарсан. Ам.доллар чангарч байгаа нь ам.доллараар бонд гаргасан орнуудад бондын эргэн төлөхөд хүндрэлтэй болгож байна. Үүнээс үүдэн бондын өрөө төлөхгүй хойшлуулах эрсдэл үүсэж байна.
2024 он хүртэл дэлхийн инфляц 4.1 хувь хүртэл буурахгүй бөгөөд 2022 оны сүүлээр дээд цэгтээ хүрнэ гэсэн таамаглал байна. Уг таамаглал бодит эдийн засагт томоохон эрсдэл дагуулахаар байна.
БНХАУ-ын “Тэг ковид бодлого” нь тус улсын эдийн засгийн тавны нэг орчим хувийг эзэлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг сулруулж байна. Мөн БНХАУ нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин сүлжээнд ихээхэн чухал байр суурь эзэлдэг. Тус улсын эрх баригчид “Тэг ковид бодлого”-оо удаах тусам дэлхийн худалдаа, тээврийн өртөгт нөлөөлсөн хэвээр байх нь.
Хөгжиж буй орнуудад ам.доллар чангарч байгаа нь сөргөөр нөлөөлж, уг улс орнуудад инфляцын дарамтад орж, бага орлоготой, өрийн дарамтад байгаа орнуудын эдийн засаг агших эрсдэл дагуулж байна.
Одоогийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 1930 оны их хямралын өмнөхтэй адил байна. 1930 оны эдийн засгийн хямралын адил бондын төлөлтийг хийж чадахгүй нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй байна. 1930 оны их хямрал 1929 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн хямрал гэж үздэг бөгөөд үүнийг түүхэнд “Их хямрал” хэмээн нэрийдэж үлдээжээ. Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсч, үүндээ цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсон нь хямралын өрнөл болсон байна. Тухайн үед хөрөнгийн биржүүд шинээр нээгдмэгцээ л хаалгаа барьж байв. Учир нь индекс нь 381 нэгжээс 200 хүртэл 50 орчим хувиар унаад байсан учир арилжаа хийгдэх боломжгүй болжээ. Мэдээж хэрэг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тоо асар хурдацтай өсчээ. Эдийн засгийн уналт 1932 оны 7 дугаар сар хүртэл гурван жил үргэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдал үргэлжилсэн юм. Их хямрал Дэлхийн II дайныг өдөөх үндсэн шалтгаан болсон гэж үздэг.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн