Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр өнөөдөр “Тавантолгой Төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт төлөөлөгчөөр Мягмарыг томиллоо. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүрэн Эрхт төлөөлөгч Н.Мягмарт ажлыг хүлээлцүүлж өглөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хуульд заасны дагуу “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, тус компанид ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон ба түүнд ажлыг нь хүлээлцүүлж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил олон жилийн өмнөөс эхэлж, өнгөрсөн намар ашиглалтад орсон. Сүүлд Богдхан төмөр замыг барьж байгуулахаар Тавантолгой Төмөр зам ХХК ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ЭТТ-аас байгуулсан есөн офтэйк гэрээг ил болгосонтой холбоотойгоор иргэдээс шахалт шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус компанийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, хууль зөрчсөн худалдан авалт гэрээ хэлцэл байгаа эсэх, нүүрсний үнэ зах зээлийн ханшаар байсан уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас тогтоолд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийг удирдаж, бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрх энэ цаг үед Мягмар даргад шилжиж байна.
Засгийн газрын тогтоолоор тус компанид аудитын шалгалт оруулах чиг үүргийн дагуу төлөвлөгөө гарган ажиллах байх. Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байж болзошгүй гэх шүүмжийг олон нийтийн зүгээс ярьж байгаа. Энэ нь тийм үгүй эсэхийг аудитын шалгалт орж байж тогтоогдох болов уу” гэв.
“Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар “Юун түрүүнд Засгийн газрын тогтоолд дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө бодитой эсэх, компани буюу төрийн өмчид хохирол багатайгаар ашиг сонирхлын зөрчилгүйгээр зохион байгуулагдсан гэх асуудалд мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудыг оролцуулах замаар шалгалтын дүнг гаргаж, танилцуулах ажилд нэн тэргүүнд төвлөрч ажиллана.
Хоёрдугаарт, нэгэнт барьсан төмөр замыг цаашид хүчин чадлаар нь ашиглахад компани тодорхой үүрэгтэй учраас тус компанийн ажлыг энэ тал руу чиглүүлэн удирдаж, тээвэр логистикийн хүрэлцээг бүрэн ашиглах тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэв.