Ховд аймагт цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрчээ. Жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:05 цагт холбогдох албаныхан хүлээж авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлжээ. Улмаар мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ.