Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байна.
6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй тухай өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр миний бие тайлбар өгсөн. Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ (~$60), хилээр гаргах үнэ (~$120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё.
Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. ” гэв.