Хосууд ДНХ-ийн шинжилгээ өгч, төрөл садны ямар нэг холбоогүй гэдгээ нотолсны дараа гэрлэлтээ батлуулах зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахаар болсныг ХЗДХ-ийн сайд мэдээлсэн. Одоогийн мөрдөж буй хуулиар бол гэрлэхийг хүсэгчид оршин суугаа газрынхаа эмнэлгийн байгууллагад өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, эсэхээ шинжлүүлж, эрүүл мэндийн тодорхойлолт авч буй. Тэгвэл дээрх зохицуулалт хүчин төгөлдөр болбол нэмээд генетикийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болох юм. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, монгол хүний удмын санг хамгаалах зорилготой гэх уг зохицуулалт шинжлэх ухааны үндэслэлтэй, эсэх, манай оронд заавал хэрэгтэй юү гэдгийг МУИС-ийн Гений инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлээс асууж, байр суурийг нь сонирхлоо.
-Гэрлэлт батлуулах хүмүүс генетикийн шинжилгээ заавал өгөх ёстой гэсэн шинэ зохицуулалтын талаарта ямар бодолтой байна вэ?
-Цахимаас энэ тухай мэдээ уншсан. Хуулийнх нь төсөлтэй танилцаагүй учраас нарийн ширийнийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ бол маш тэнэг зүйл. Тийм боломж байхгүй. Боломжгүй учраас ийм зүйл хийх хэрэггүй.
-Боломжгүй гэдэг нь ямар утгатай юм бол?
-Гэрлэх гэж буй хоёр хүний цус ойртох гэж байгаа, эсэхийг генетикийн шинжилгээгээр тогтоох боломж одоохондоо дэлхийд байхгүй. Шинжлэх ухааны үүднээс боломжгүй зүйл.
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, дэлхийд ийм шинжилгээний арга зүй, стандарт гараагүй байна. Хоёрдугаарт, манай улсад цус ойртолтын талаар хийсэн бүтэн геномын суурь судалгаа, стандарт байхгүй. Эхлээд ах, дүү нарын хооронд харьцуулсан анализ хийх ёстой. Ард нь тэдгээрийн дараагийн цус холдолтонд анализ хийх шаардлагатай. Асар олон хүнийг үүнд хамруулах хэрэгтэй болно. Улмаар генерац, үе болгоны салсан хүмүүсийн дунд маш их судалгааг системтэйгээр хийж, стандарт боловсруулсны дараа л ямар нэг баримжаатай зүйл хэлэх боломжтой. Тэрнээс өмнө ямар ч аргагүй. Ийм судалгааг бид ойрын 10 жилдээ ч хийж чадахгүй. Энэ нь асар өндөр өртөгтэй. Цар тахлын үед коронавирусийн генотип тогтоох шинжилгээнүүдийг шинэ үеийн багажаар хийсэн шүү дээ. Ингэхэд нэг дээжийг шинжлэх урвалж нь 200 орчим ам.доллар буюу 700-гаад мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ бол жижигхэн вирусийн геномын доторх маш өчүүхэн хэсгийг хамруулсан шинжилгээ. Цус ойртсон, эсэхийг тогтооно гэдэг үүнээс хэдэн мянга дахин ярвигтай. Хүний геном 3.2 тэрбум нуклеотидээс тогтдог. Эдгээрийг хамгийн хялбар аргачлалаар шинжлэхэд л нэг хүнд багадаа 1500 ам.доллар зарцуулна. Жил бүр 40 мянган хүн оношилно гэж тооцоолбол 200 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ нь манай улсын эрүүл мэндийн салбарын төсвийн хэдэн хувьтай тэнцэх вэ. Багажнаас ямар нэг хариу гарсан ч бид түүнд дүгнэлт хийх боломжгүй. Тэндээс ямар ч эмх замбараагүй дижитал мэдээлэл л авна. Суурь судалгаагүй бол үүн дээр анализ хийгээд ч нэмэргүй. Тэгэхээр энэ нь шинжлэх ухааны үүднээсээ ч, эдийн засаг талаасаа ч боломжгүй зүйл юм.
ГЭР БҮЛ ЗОХИОХ ЭРХИЙГ НЬ ИРГЭДЭД “ҮЛДЭЭХ” ХЭРЭГТЭЙ
-Үүнийг хэрэгжүүлснээр ямар сөрөг нөлөө амсах вэ. Иргэд “Гэрлэлт батлуулах хүний тоо цөөрнө. Тэр хэрээр хосуудын бие биеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага багасаж, хүүхэд хохирно” гэхчлэн өнгөц зүйл ярьж байна лдаа. Та шинжлэх ухааны салбарын хүн учраас арай өөр зүйл хэлэх болов уу?
-Шинжлэх ухааны үүднээс энэ зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүйг хүмүүс тэр бүр мэдэхгүй шүү дээ. Төр, засгаас нь ийм зүйл яриад эхлэхээр “Боломжтой юм байна. Бидний сайн сайхны төлөө үүнийг хийх нь” гэж итгэж байгаа болов уу. Ер нь төрөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудыг харахаар хэцүү санагдах болсон. Гэрлэх гэж буй хүн болгоноос генетикийн шинжилгээ авч, гэр бүл болох зөвшөөрөл олгоно гэдэг нь цаагуураа маш их урхагтай. Монгол хүний ёс суртахуунд асар хохиролтой. Үндсэндээ монгол хүнийг мал гэж үзэж буй хэрэг. Хүн насанд хүрээд, тодорхой хэмжээнд ухамсартай, үүрэг хариуцлага хүлээх чадвартай, энэ улсын бүрэн эрхт иргэн болсон гэдгээ баталгаажуулж үнэмлэх авсан үедээ гэр бүл зохиодог шүү дээ. Гэтэл үүнийг нь хүчээр зохицуулна гэдэг байж боломгүй зүйл. Байгаль, нийгмийн гүн үндэстэй, соёл, уламжлалын нандин харилцаанд шинжлэх ухааны үндэслэлгүй, захиргааны бүдүүлэг хэм хэмжээ тогтоож байгаа нь эрүүл хүний тархинд таамгаар мэс засал хийж байгаатай адил маш аюултай зүйл. Иргэдийг мал болгох гэсэн оролдлого гэж харж байна. Монгол хүнд ухамсарт иргэнийх нь хувиар итгэл хүлээлгэж, гэр бүл зохиох эрхийг нь өөрсдөд нь үлдээх хэрэгтэй. Хэрэв ийм захиргааны хэм хэмжээ тогтоочихвол гэрлэлттэй холбоотой Монголын уламжлал, түүх, үнэт зүйл устана, бүдгэрнэ. Нийгэм, соёлын хувьд ихээхэн хортой. Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” гэж тунхагласан орны парламент ийм болчимгүй хууль баталж, хэрэгжүүлнэ гэдэгт итгэхгүй байна.
Үргэлжлэлийг UNUUDUR.MN сайтаас уншина уу