Б.Оюунжаргал
Амьдрал хайр дээр тогтдогийн адил хосуудын харилцаа амьдралын үнэ цэнэ тэдний бөх итгэл дээр оршдог. Хосууд энэ итгэлийг мохоох уу эс мохоох уу гэдэг нь тэдний ухаан. Тэгвэл үүний нэгэн тод жишээг дэлгэцийн бүтээлээр харуулж буй юм. Нэгнийхээ итгэлийн галыг унтрааж үзэн ядалт, эцэс төгсгөлгүй хууран мэхлэлт,сонирхолтой, тааварлашгүй явдлаар дүүрэн “Эрвээхэйн сүүдэр” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл тус уран бүтээлд эрэмгий,бүхнийг өөрийн болгох гэж шунасан хатуу сэтгэлтэй нууц амраг Учрал гэх эмэгтэйн дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин бүсгүй бол Х.Отгонтунгалаг билээ. Түүнийг “Хөгжилтэй өдөр”, “Цурам ажиллагаа” зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээр үзэгчид илүү таних биз. Ийн түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн таны хувьд хошин урлагаас хөндийрөөд нэлээдгүй олон жил болж.Та багадаа биен тамирын багш болох мөрөөдөлтэй байж. Гэтэл яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон талаар ярилцлагаа эхэлье?
-Арван жилийн сурагч байхдаа биен тамирын багш болно гэж нэг хэсэг бодсон. Сургуулиа төгсөөд урлагийн сургуульд сэтгүүлч мэргэжлээр нэг жил суралцсан. Тухайн үед жүжигчний анги нь ихэд таалагдсан. Ингээд сэтгүүлчийн ангиасаа гарч жүжигчин болсон түүхтэй.
-Сүүлийн үед Боловсрол телевизийн дэлгэцнээ гарч буй “Эрвээхэйн сүүдэр” кинонд таны бүтээсэн нууц амраг Учрал гэх бүсгүйн дүр олны анхааралыг ихэд татаж байна. Дүрийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ.Удаан бодсон уу?
-Тус уран бүтээл маань тун удахгүй дуусах гэж байна. Миний бүтээсэн Учрал гэх бүсгүйн дүр энэ киноны гол зангилаа нь. Анх киноныхоо зохиолыг уншаад айсан. Үнэхээр хүнд дүр байсан учир нөхөртэйгөө нухацтай ярилцсаны эцэст зөвшөөрсөн.
-Та киногоо бүтэн үзсэн үү.Ямар сэтгэгдэлтэй үлдэв?
-Бүтэн үзэж амжаагүй л байна. Эхний хэдэн ангийг үзэхэд алдаатай зүйл ажиглагдаж байна лээ. Мэдээж миний хамгийн анхны олон ангит эсрэг дүрийн бүтээл учир алдаа оноо байж л таараа гээд өөрийгөө урамшуулж сууна.Алдаанаасаа суралцаж дараа дараагийн уран бүтээлдээ илүү туршлагатай хандах болно.
-Энэ дүрийг бүтээхэд жүжигчний ур чадвараа дээд цэгт нь гаргасан болов уу гэж харсан. Дотоод хүнтэйгээ зөрчилдөж тэс өөр хүн болж энэ дүрийг бүтээх амаргүй л байсан биз?
-Яг тийм. Хувь хүнээс минь тэнгэр газар шиг зөрүүтэй.Анх зохиолоо уншаад чадах болов уу хэмээн бодогдсон. Дүрийн талаар найруулагчтайгаа нэлээд ярилцсан. Зохиолоо унших явцдаа Учрал гэх бүсгүйн талаар төсөөллөө дүүргэж бурхан минь гэж бодогдох ч үе байсан. Ер нь зураг авалт эхлэхээс дуусах хүртэл энэ дүрийг л хүмүүсийн сэтгэлд хүргэх юмсан гээд их хичээл зүтгэл гаргаж сэтгэл зүйгээ чангалсан.
-Гэр бүлийн хүндээ дүрийн талаар хэлэхэд хэрхэн хүлээн авч байв?
-Нөхөр маань их дэмжсэн. Чадна гэж бодож байвал ар талдаа санаа зоволгүйгээр энэ дүрийг амилуулахын тулд хичээгээрэй гээд их урам зориг хайрласан. Учралын дүрийг бүтээхэд шантрах үе байсан ч нөхөр маань намайг хурцалж өгсөн. Түүндээ маш их баярлалаа гэж хэлье.
-Жүжигчин Отгоотой амьдрал дээр маш сайн найзууд гэтэл кинонд эсрэг тэсрэг хүмүүс болж дүр бүтээх амаргүй байв уу?
-Отгоо эгчийн тухайд бид Шинэ үе продакшинд байхдаа олон уран бүтээл дээр хамтарч ажилласан байдаг. Тэр зөөлөн гэнэн яг сахиусан тэнгэр шиг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Түүний өөдөөс хараад “Би нөхрийн чинь нууц амраг” гээд хэлэхэд нүднээс нь нулимс бөмбөрөх агшинг хараад би уйлсан. Зураг авалтын энэ хэсэг үнэхээр хүнд даалгавар байлаа.
-Тэгвэл жүжигчин Болд хэр сайн хамирагч байв?
-Хамтрагчаа хурцалж чаддаг эрхэм жүжигчин.
-Дүрийн судалгааг хэр хийсэн бэ?
-Учрал гэх бүсгүй багаасаа хайр үзээгүй өссөн. Тиймээс найзынхаа нөхөрт сайн болоод түүнийгээ өөрийн болгохын тулд бүх зүйлийг хаяж тэмцсэн. Гэхдээ би өөрийгөө нууц амрагийн дүр бүтээсэн гэж хэлэхгүй. Харин багаасаа хайрлагдаж өсөөгүй хэцүү амьдралаар амьдарч ирсэн эмэгтэйн дүр.Ийм амьдралыг туулсан эмэгтэй ямар хатуу цэвдэг болдогийг дүрээрээ нийгэмд харуулж ойлгуулахыг зорьсон. Би дүртэйгээ сайн ажилласан. Учрал гэх эмэгтэй хахир хатуу зан авиртай. Тэр бүгдийг илэрхийлэх гэж маш нарийн арга барил шаардсан. Тухайлбал, харц нь хүртэл ширүүн байх ёстой гэх мэт. Үүнд манай кино группийнхэн ярилцсаны үндсэн дээр сайн баг хамт олон болж ажилллаж чадсан. Харин нууц амрагийн дүр бүтээж байсан жүжигчидтэй уулзаж зөвлөгөө авсан зүйл байхгүй.
– Дүртэй холбоотой сөрөг сэтгэгдэл дайралтыг хэрхэн хүлээн авч байна. Үзэгчид тус уран бүтээлд орчихсон харагдана лээ.Үнэхээр чадварлаг жүжигчин гэдгийг тань энэ дүрээс олж харсан?
-Эхний 10 анги гарч эхэлмэгц үзэгчдийн муу муухай сэтгэгдэл над дээр овоорсон. Хүн л болсон хойно сэтгэл зүйн уналтад орж хямарсан. Манай монголчууд кинонд хэт их ордог юм байна лээ.
-Өөрөө дахин нууц амрагийн дүр бүтээхгүй амлъя хэмээн мэдэгдсэн байсан. Үзэгчдээс ирсэн дайралт нөөлөлсөн гэж ойлгож болох уу?
-Ийм зүйлээс болж жүжигчин хүн няцах ёсгүй. Үзэгчдээс ирсэн сөрөг сэтгэгдэл сэтгэл зүйд нөлөөлсөн ч дахин эсрэг дүр бүтээхгүй гэсэн бодолтой хамааралгүй. Дараа тэс өөр эсрэг дүр бүтээх бодолтой байна.
-“Цурам ажиллагаа” кинонд бүтээсэн дүрээ өөрийн бүтээхийг хүссэн дүр минь гэж онцолсон байна лээ. Яагаад тэр вэ.Түүнээс илүү сайхан дүр бүтээж болно шүү дээ.Ер нь ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ?
-Маш өрөвдөлтэй эмэгтэйн дүр байсан учир таалагдсан. Олон дүрийг бүтээе гэсэн бодол бий. Тэр дундаа Холливиудын кино нь дээр гардаг шиг супер зодолддог эмэгтэйн дүр аль эсвэл өөрийнхөө дотоод ертөнцийг бүрэн нээсэн эерэг дүрийг бүтээнэ.
-“Эрвээхэйн сүүдэр” кино дэлгэцнээ гарч эхэлснээс хойш хүрээлэн буй хүмүүс таныг хэрхэн хүлээж авсан бэ?
-Жүжиглэлт сайтай үнэхээр олон зүйл бодогдуулсан дүр гэдгийг олон хүн хэлсэн.
-Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлд нууц амрагийн явдал олон байдаг гэж та боддог уу?
-Маш олон бий. “Эрвээхэйн сүүдэр” кино гарч эхэлсэнээс хойш гэр бүлээс гадуурх харилцаанаас болж салсан гэх мессэжүүд нэг биш удаа ирсэн. Томчууд бидний томоогүй алдаанаас болж хөөрхөн үрс өнчирч , сайхан залуу хосуудын амьдрал талаар нэг болж байгааг бодоод өр эмтэрч байлаа. Энэ кино маань гэр бүлийн гадуурх харилцаа, ганц буруу шийдвэр, сэтгэл зүйгээ удирдаж чадаагүйгээс болж хүүхэд яаж хохирох вэ, амьдрал яаж орвонгоороо эргэдэгийг олон хүнд ойлгуулсан байх.Үүнээс сургамж аваасай.
-Учрал хүүхэдтэй болох боломжгүй гэдгийг мэдээд гадаад явчихдаг нь харамсмаар байсан. Ингэх л байсан бол яах гэж сайхан гэр бүлийг үймүүлсэн юм бэ гэмээр?
-Бардам зан найз нөхөд, нэр төр гээд бүхий л зүйлээ орхиод ирэхэд хайртай залуу маань юуг ч хаяж чаддаггүй. Мэдээж Учрал гэх бүсгүй тэр залуугаас хүүхэдтэй болох зорилготой байсан ч тэр бодол талаар болсон. Энэ мэт байдлаас урам хугарч эцэстээ бүхнийг орхиод явах шийдвэрт хүргэсэн. Хэрэв Учрал явахгүй зууралдвал кино маань утгагүй болчихно.Ер нь эрэгтэй хүн алдаанаасаа болж хэн ч биш цор ганц болох үе ирдэг гэдгийг энэ киногоор ойлгуулж байгаа хэрэг. Цаашлаад хосууд араар тавилт гэдэг зүйлийг жигшиж амьдраасай гэж хүсэж байгаа.
-Жүжигчин гэх мэргэжлээс өөр зүйлд өөрийгөө сорихыг хүсдэг үү.Тийм бол юунд?
-Би удирдан зохион байгуулах чадвартай, бизнес сэтгэлгээ сайтай түүндээ сонирхолтой учир бизнесийн салбарт хүч үзэх сонирхолтой. Эсвэл жүжигчин болсон маань бүжигтэй салшгүй холбоотой учир бүжиглэх дуртай.
-“Хөгжилтэй өдөр” кинонд романтик бөгөөд энгийн даруу, зөөлөн эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тэр дүр таны дотоод хүнээс нэг их зөрөөгүй болов уу. Та амьдрал дээр яг тийм хүн үү?
-Дурсамж бодогдуулсан гоё асуулт байна. Миний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл бол “Хөгжилтэй өдөр” кино. Шинэ үе продакшны хамт олон маань намайг төрөөд удаагүй байхад надад итгэж хүнд хайртай болчихсон илүү зангүй цагаан цайлган даруухан бүсгүйн дүрийг өгсөнд баярладаг. Хамгийн анхны гол дүр учир хайртай. Надтай нэлээн төстэй эмэгтэйн дүр шүү.
-Ямар уран бүтээлчээс үлгэрлэж явдаг вэ?
-Холлиувиудын жүжигчдээс Моника Беллуччи, Анжелина Жолли нарын биеэ авч яваа байдал, жүжиглэлтийн ур чадвар зэргээс үлгэрлэдэг. Тэд зүгээр л дотоод сэтгэлээсээ гэрэлтэж амьдардаг. Монголын эмэгтэй жүжигчдээс О.Энхтуул, Ж.Оюундарь, И.Одончимэг эгч нарын бүтээсэн дүрийг үзэхээр үнэхээр биширч хайрладаг. Бахархахгүй байхын аргагүй хүмүүс.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим?
-Сайн явах санааных гэдэг үгийг хэлэх дуртай. Үргэлж сайн сайхан зүйл ярьж бодож явбал амьдрал эерэг байх боломжтой. Би сөрөг бүхнээс холуур байх гэж хичээдэг.
-Урлагийн хүнтэй гэр бүл байх маш том давуу тал. Зовлон жаргалаа хуваалцдаг гэлцдэг.Үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Бид нэгнийгээ хэнээс ч илүү тун сайн ойлгож, хамтарч чаддаг.
-Залуу гэр бүлүүдэд хандаж юу зөвлөх вэ?
-Хоорондоо маш сайн ярилцаж, итгэдэг бай. Гэр бүлийн үнэ цэнэ гэж бий. Чи өөрөө гэр бүлийн хамгаалагч байж хариуцлагаа бүрэн ухамсарла. Хэн нэгнийхээ сэтгэлээс гарахааргүй хорон муу үгийг хайр найргүй бүү хэл. Хэрүүл тэмцлийг уурын мунхагаар биш ухааны саруулаар асуудлыг шийдэж байгаарай. Бүх сайхан хосууддаа аз жаргал хүсэе.