Энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 24-нд Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр тохионо. Энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгосон юм.
Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ жил Их хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна. Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Мөн Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол Сүхбаатарын талбайд болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог. Харин Улс тунхагласны өдөр бүх нийтээр амардаг ч энэ сарын 26-ны өдөр бямба гарагт тохиож байна.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.