Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ухаан алдаж унасан сурагчид Б1 давхарт хичээллэдэг байжээ

Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинжүүд илэрч, эмнэлэгт хандсан ба үүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл эцэг, эхийн төлөөлөл Zarig.mn сайтад өгсөн ярилцлагын үеэрээ тус сургуулийн ахлах ангийн сурагчид агаар сэлгэлт байхгүй, гаражид хичээллэдэг талаар мэдээлсэн байна. Тус сургуулийн хувьд сүүлийн гурван жил ахлан ангийнхан нь анги танхимгүйн улмаас өөр сургуульд хичээллэн, энэ хичээлийн жилээс “Хүүхэд хөгжлийн төв” дээрээ хичээллэх болжээ. Харин ахлах ангийн 3-4 анги гаражийг нь засаж тохижуулан хичээллэх болсон байна. Хичээл дээрээ хүүхдүүдийн толгой нь өвддөг, гэртээ ирээд зүгээр байдаг гэжээ.
Дээрх хэрэгт Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 19.25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед нэг сурагч таталт өгсөн, дөрвөн сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа аж.
Эдгээр хүүхэдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан гэх үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна талаар ЦЕГ-аас мэдээллэв.