Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлана
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “нотолбол зохих байдал”-д холбогдох зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах хэрэгцээ, шаардлага, хуулийн тайлбар гаргах тухай Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хэлэлцээд тус хуулийн 16 дугаар бүлгийн заалтуудыг шат дараатай тайлбарлах зөвшөөрөл олгож, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх эхний тайлбарын төслийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний дотор боловсруулахыг даалгалаа.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт, түүнийг хянан шийдвэрлэх журамтай холбоотой зохицуулалтыг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцээд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад тусгагдсан ижил төстэй зохицуулалтыг нэгтгэж нэг мөр тайлбарлах нь зөв гэж үзэж, Улсын дээд шүүхийн танхимуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүгчийг татгалзан гаргах”-тай холбоотой хуулийн зүйл, заалтуудыг нэг мөр тайлбарлах зөвшөөрөл олгож, тайлбарын төслийг нийт шүүгчийн хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхээр тогтов.
Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах үндэслэлгүй гэж үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 3-т “шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах”-аар заасан.
Нийслэлийн болон орон нутгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны зарим шүүхээс ирүүлсэн УИХ-аас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзсэн талаарх саналыг хэлэлцээд Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн албан бичгийг танилцуулав
Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тайлбарласан.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс “Иргэн Б.Баяраа нарын нэр бүхий 11 иргэний мэдээллээр Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд бэлтгэх ажиллагаа явагдаж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, холбогдох тайлбараа ирүүлнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлжээ.
Тус албан бичигт мөн “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан болно. Иймд “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” гэсэн Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолтой холбоотой асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж нь нээлттэй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар уг асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангуулах нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарч байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн байна.
Үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагад Улсын дээд шүүхийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, урьд нь энэ асуудлыг нийт шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн тул энэ асуудлаар дахин шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв.
Хүсэлтүүдийг шийдвэрлэлээ
Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас ирүүлсэн “Хаягийн өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд тус намын ерөнхий захиргаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй, маргаантай байгаа нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудаар тодорхойлогдож байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
“Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх” тухай Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргалаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хүсэлтэд дурдсанаар нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэхийг илтгэгч шүүгчид даалгав.