Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд (2022.11.16) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам удирдан явуулав.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Батттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон төрийн яам, агентлаг, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо .
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгааг тодотгоод УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Иймд УИХ-ын Ёс зүйн дэд хороог өргөтгөж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Уг Байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа” гэв.
Мөн тэрбээр, “Төрийн бүх шатны удирдах ажилтан, албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн албан тушаалтан бүр мартаж болохгүй. Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид” гэдгийг тэмдэглэв.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:
-Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн байдаг.
Мөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласнаар сүүлийн жил гаруйн хугацаанд Төрийн байгууллагуудын дэргэд байгуулагдсан ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд ахиц гарсныг харуулж байна. Иймд ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах замаар төрийн албан дахь ёс зүйн асуудалд эерэг өөрчлөлт гаргана гэсэн хүлээлт бий болсон гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.
Түүнчлэн тэрбээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4206 төрийн байгууллагад 208864 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 21135 нь төрийн захиргааны, 4165 нь улс төрийн, 45899 нь төрийн тусгай, 137665 нь төрийн үйлчилгээний албан хаагч байгааг дурдахын зэрэгцээ хөгжил гэдэг нь хүний хөгжил цаашлаад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд онцгой байр суурь эзэлдгийг онцолсон. Мөн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмыг баримталж байгааг тодотгоод энэ хүрээнд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буй тул эрдэмтэн, судлаачдын санал бүхэн үнэтэй гэж байлаа.
Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн боловсруулсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зөвлөлдөх санал асуулгыг улс даяар явуулж байсан. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх аргыг үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, 87.9 хувь нь төрийн албыг мэргэшсэн мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай зэргээр судалгааны дүн гарсан. УИХ-аас Төрийн албаны хуулийг 1995, 2002, 2017 онд шинэчлэн найруулсан. Бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тодорхой хэмжээнд цоорхойтой байгаа. Ямар нэгэн сахилга хариуцлагын асуудал гарахад шийдвэрлэх арга зам нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байсан. Төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчдын ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг заалтыг тусгана. Улсын хэмжээнд ёс зүйн асуудлыг нэгтгэн зохицуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, хуулиар харьяалуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна. Тус хуулиар гомдлыг хянан шийдвэрлэх заалтыг тусгаж өгнө.
Академич С.Нарангэрэл:
– Энэхүү хуулийн төслийн хүрээнд ёс суртахуун хэмээх нэр томьёог онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал бол хүмүүний ёс суртахуунтай шууд холбогдоно. Гэвч ёс суртахуун гэсэн нэр томьёог монгол хэлэнд олон янзаар нэрлэсэн байдаг. Цаашдаа Ёс зүйн хороо буюу ёс зүйн зөвлөлийг хүний муу үздэг байгууллага болгомооргүй байна. Төрийн албан хаагчид ёс зүйгээ сайн биелүүлж байгаа гэдгээ бусдад үлгэрлэж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Шаардлагатай бол цалин хөлсийг нэмэх зэрэг аргыг ашиглах юм бол төрийн албан хаагчид ёс зүйгээ сахин биелүүлэхэд нөлөөтэй байх. Ерөнхийдөө ёс зүйн асуудал дэлхий нийтийн асуудал болсон. Ёс зүй бол олон шинжлэх ухаанд суурилсан ойлголт” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уулзалт, хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд төслийг олон талаас нь судалж үзэн, нухацтай хандаж, улмаар хуулийн төслийн нэр томьёо, тогтолцоо, үе шатыг тодорхой болгохын тулд эрдэмтэн судлаач, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа гэв.
Мөн цаашдаа төслийн талаар нарийвчилсан, тодорхой асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахыг дурдаад хуулийн төслийг чамбай хэлэлцэн баталснаар төрийн алба төлөвшиж, төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэхэд гол зорилго нь чиглэж байгааг онцоллоо.